Алсын замд байгалийг ажин явахуй дор аяндаа л түмэн зүйлийн бодол толгойд эргэлдэж, түүнээс “тэд, бид” гэсэн хоёр ойлголт тунан хоцорчээ.
Өвөр Монгол. Өнгөрсөн зуунд бидний нэгээхэн хэсэг байсан тэд маань өнөөдөр бусдын мэдэлд. Бидний сайн мэдэх 1915 оны Хиагтын гэрээгээр Өвөр Монголыг нийлүүлэх Монголын төлөвлөгөө бүтэлгүйтэв. Гэвч тэд өнөөдрийг хүртэл Монголоо гэсээр буйг Хөх хот, Ордост таарсан үндэс нэгтнүүдийн өөриймсүү яриа бэлхнээ гэрчилнэ.
Энэ талаар дараагийн ээлжид тусгайлан бичих болохоор түр хойш тавиад өнөөдөр тэд хэрхэн амьдарч, аж төрж буйг бичихээр шийдэв. МСНЭ болон ӨМӨЗО-ны Ардын хэвлэлийн хорооны хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын 23 сэтгүүлч ӨМӨЗО-ны Хөх хотод “Монгол, Хятадын шинэ /Өвөрмонголчууд цахим хэвлэл мэдээллийн хэрэгслийг ийнхүү нэрлэжээ/ хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлага”-д оролцлоо.
Угсаа гарал, хэл соёл нэгтэй учраас тэд Монгол Улсын талаарх бодит мэдээллийг шуурхай, хүртээмжтэйгээр авах сонирхол их байдаг аж. Өнөөдөр Өвөрмонгол төдийгүй Хятадад хүчээ авч буй мэдээллийн гол суваг нь гар утас болжээ. Мэдээж фэйсбүүк, твиттер тэнд ашиглах боломжгүй. Гэхдээ интернэтийн сүлжээ гэхээсээ илүүтэй гар утасны сүлжээг ашиглан тарааж буй мэдээллийг хамгийн их ашигладаг болсон аж. Өөрөөр хэлбэл, гар утасны сүлжээг ашиглан мессэж хэлбэрээр мэдээллийг хүргэж байна гэсэн үг. Энэ нь худалдаанд ч томоохон байр суурийг эзлэх болжээ. Өнгөрсөн онд л гэхэд нийт худалдааны ¼ орчим хувийг шинэ сүлжээгээр дамжуулан борлуулалт хийжээ.
Саар зүйл ч цөөнгүй бий. Манайд сошиал сүлжээг ашиглан бусдыг залилах, хуурч, мэхлэх, гэмт хэргийн золиос болгох явдал ч тэдэнд нийтлэх тохиолдох болж. Тиймээс мэдээллийн аюулгүй байдал, түүнээс хамгаалах, сэргийлэх асуудалд хувь өөрөө анхаарах нь чухал болсныг тэд онцолж байна.
Хэвлэл, мэдээлэл нь төрөөс шууд хамааралтай ч соёлын болоод танин мэдэхүйн нэвтрүүлэгт мөнгө харамгүй “цацдаг” нь талархууштай. Улстөржөөгүй л бол соёлын өв, танин мэдэхүйн чиглэлээр хөрөнгө оруулалт олох боломж ӨМӨЗО-д байна гэдгийг уран бүтээлчиддээ дуулгая.
Хөшөө ба хөгжил
Биднийг төв талбайгаа “хааны”, “харцын” болгон гэж хэрэлддэг хэрнээ талбайн өмнөх хэсгийн замаа засчих сөхөөгүй буй ахуйд Ордос манай төв талбайгаас илүү үзэмжтэй, Чингис хааны байлдан дагуулал, Алунгоо эхийн сургааль зэргийг агуулсан цогц шийдэл бүхий талбайг байгуулсан нь жуулчдын зорьж, зургаа татуулах дуртай газар болон өргөжиж.
Хүн амын хувьд 24 сая. Түүний 17,1 хувийг буюу 4,58 сая нь монгол үндэстэн. Газар нутгийн хувьд Монгол Улстай ойролцоо буюу 1,183,000 км² нутагтай. Байгалийн баялгийн баталгаатай нөөцөөрөө Хятадад тэргүүн байрыг эзэлдэг аж. Тэгэхээр бидэнтэй нэгэн адилаар дэлхийд байгалийн баялгаараа тэргүүн байранд бичигдэнэ гэсэн үг. Ер нь бидний өвөг дээдэс газрын үржил шим, баялаг арвинтай газар нутгаа хойч үедээ өвлүүлсэн нь эндээс тодорхой харагдана.
ӨМӨЗО-нд үйлдвэрийн хүчин чадал, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд дөрөвт орох сүүний үйлдвэрээс эхлээд аж үйлдвэрийн томоохон цогцолборууд цөөнгүй аж.
Шинэхэн гэж хэлж болох Ордос хотод гэхэд дэлхийд алдартай Монмилк /Мengniu/ үйлдвэр бий. Тус үйлдвэр нь 1998 онд анх жижигхэн мухлагт байгуулагдаж байсан бол өдгөө дэлхийн нийт хүн амын сүүний хэрэглээний дөрвөн литр тутмын нэг литрийг нь дангаараа хангадаг автоматжуулсан үйлдвэр болжээ.
Өвөрмонголд биднээс ялгаатай нь уул уурхайг шүтсэн бус хөнгөн болон хөнгөн, экологийн үйлдвэрлэлээр эдийн засгаа дэмжиж буй аж.
Бидний боломж
Бидний хувьд Өвөрмонголд тэтгэлгээр суралцах бүрэн боломжтой аж. Дээр нь байнга чамлангуй ханддаг зах зээлээ өргөсгөх боломж тэнд байна. Өвөрмонголчуудын хувьд Монголын урлаг, соёлын оддыг андахгүй. Ойлголцож, хамтарч чадвал бидэнд багадхааргүй урлаг, спортын зах зээл тэнд бийг Монгол Улсаас Хөх хотод суугаа өргөмжит консул ярьж хэлнэ лээ.
Ялангуяа бидний амжилт гаргадаг бөх, сур, шатрын спортын дасгалжуулагчдын урьж ажиллуулах сонирхол их байдаг аж. Дээр нь аялан тоглолтоо урьдаас сайтар сурталчилж байгаад хийж чадвал ашиг олон бүрэн боломжтойг урлагийнхандаа дуулгая.
Түүхийн нугачаанд хоёр хуваагдсан ч Монголдоо хөрөнгө оруулах сонирхолтой, хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байдгийг нь Хөх хот болоод, Ордосын гудамжинд дайралдсан Монгол үндэс, угсаатай хэн бүхнээс төвөггүйхэн мэдэж болно.
/үргэлжлэл бий/