Альпийн нуруун дахь монгол гэр

Хуучирсан мэдээ: 2016.05.02-нд нийтлэгдсэн

Альпийн нуруун дахь монгол гэр

Европын олон оронд монгол гэрт хуримлах моод дэлгэрсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. /Мэдээллийг ЭНД-ээс үзэж болно./ Тэгвэл монгол гэрийг аялал жуулчлалын салбарт хэрхэн амжилттай ашиглаж буй тухай энэ удаагийн мэдээг бэлтгэлээ.

Швейцарийн Альпын нурууны салбар Роше-де-Нэ /Rochers de Naye/ хэмээх цавчим хаданд далайн түвшнээс 2045 метрийн өндөрт орших Женевийн нуурын дэргэд монгол гэр барин жуулчдыг алмайруулж байгаа ажээ. Тэрхүү амралтын газарт нэг биш долоон гэр барьж, жилийн дөрвөн улирлын турш жуулчдыг монгол гэрт амраадаг байна. Тус амралтад очиж, монгол гэрт хоноглосон Оросын жуулчин Андрей “Хамгийн гайхмаар нь энэ уулын оргил дээр монгол гэр байгаа нь жинхэнэ тансаг. Энд хоноход ёстой сайхан байсан” гэж 2009 онд бичиж үлдээжээ.

Тэгэхээр Альпийн нуруунд монгол гэр барьснаас хойш багагүй хугацаа өнгөрч буй бололтой. Тус амралтын газарт монгол гэрт нэг хоноход хүний 250 швейцарь франк буюу 450,000 төгрөг байсныг саяхан тус баазад зочлоод ирсэн монгол бүсгүй хэлж байна. Альпийг зорьсон газар газрын жуулчид монгол гэрийн сайхныг шагшин магтаж буй ажээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж