Халуун ус тасарч, амьдрал хөгжилтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Халуун ус тасарч, амьдрал хөгжилтэй боллоо

-Маргааш өдөртөө 28 хэмийн дулаан болно.
-Халуун ус тасраад удаж байна. Тиймээс усанд орж чадаагүй хүмүүс олширчээ.
-Ингээд нялцгай биет олноороо үүсч, аажмаар эволюци явагдсаар хөхтөн амьтан үүсч, амьдрал бий болсон юм. (Зураас болгоны урд телевизийн суваг солигдсон гэж ойлгоорой). Хүмүүс телевизээр ийнхүү ярьцгааж байна. За, тэр ч яах вэ. Зун болж, хот тохижилтынхон дулааны шугам сүлжээнүүдээ янзлах­тай зэрэгцээд зам засварын ажлаа эхэллээ. Үүнээс болж орон сууцны байрнуудын халуун ус тасрав. Миний л мэдэхээр жил болгоны өдийд ингэдэг гэж байгаа. Зарим хүн бүр сар дамнан халуун усны бараа харахгүй амьдардаг гэсэн. Ийм үед усанд орох асуудал чухалд тавигдаж, хүн бүрийн амны уншлага болжээ. Хүмүүс сүүлдээ бие биенээ хардах нь ч ихсэв. Хаа нэг газрын халуун устай ариун цэврийн өрөөнд хэн нэгэн ороод удчихвал, араас нь “Нөгөөдөх чинь усанд ороод байгаа юм биш биз” гэж хардана. Алчуур, савангаа бариад хотын нэг захаас нөгөө зах руу алхах хүмүүсийн тоо ч олшров. Зам засварын ажил дуусаагүй, дээр нь шатахуун ховордсон үед бүгд явган явахыг илүүд үзэж байна. Энэ нь  хөдөлгөөний дутагдалд орсон зарим нэгнийх нь хувьд сайхан завшаан юм. Харин өөр нэг хэсэг нь гэртээ ус буцалгаж, ваннаа дүүргэнэ. Гэхдээ буцалгагчинд усаа ха­лаачаад  зөөж байх хооронд цуглуулсан халуун ус нь хөрчихдөг нь харамсалтай. Бүр залхуу хүмүүс бас бий. Тэд хүйтэн усанд орж, өлчир чийрэг болцгооно. Эрс тэс уур амьсгалтай Монголд энэ нь ч дээр. Бас хүйтэн уснаас гарчихаад гадаах нарны халуунд цохиулж, ханиад  хүрэх тохиолдол цөөнгүй. Гэхдээ энэ ямар хамаа байна. Ханиадны нэг төрлийн вируснээс хамгаалах дархлаатай л болно гэсэн үг шүү дээ. Ер нь халуун ус тасалбал олон хөгжилтэй адал явдалтай учирч болох нь. Гадны орнуудад бас ийм асуудал байдаг гэсэн. Гэхдээ тэд монголчуудыг бодвол гүйлгээ ухаан муутай учир ердөө нэгээс хоёр хоногийн дотор бүх хүчээ дайчлан ажиллаж байгаад шугам хоолойнуудаа засварт оруул­чихдаг юм байх. Азгүй юм аа, тэд. Амьдрал нь хөгжилтэй биш.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж