Жижиг дөрвөн нам АН-ыг дэмжиж сонгуульд оролцохоо мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2016.05.02-нд нийтлэгдсэн

Жижиг дөрвөн нам АН-ыг дэмжиж сонгуульд оролцохоо мэдэгдлээ

– УИХ дахь “Шударга ёс" эвсэл өнгөрсөн баасан гаригт  Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт болоод бүлгийн даргынхаа асуудлаар хуралдсан байна. Энэ хурлаараа бүлгийн шинэ даргаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг томилжээ.

-Эх орон нам, ИЗНН, ХҮН, Монголын Үндэсний Ардчилсан нам өнгөрсөн баасан гаригт Сонгуулийн Ерөнхий хороонд 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүйгээр Ардчилсан намыг дэмжиж сонгуульд оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.

– Дулааны улирал ирж байгаатай холбогдуулан аж ахуй нэгж байгууллагуудын халаалтыг хуваарийн дагуу тавдугаар сарын нэгэн буюу өчигдрөөс хааж эхэллээ. Халаалт зогссоноор цэцэрлэг сургууль, албан байгууллагууд хүйтэн болох магадлалтай тул хүүхдүүдээ дулаан хувцаслаж байхыг  Улаанбаатар Дулааны сүлжээ компаниас анхааруулж байна. Харин айл өрх, орон сууцны халаалтыг тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хааж инженер шугам сүлжээний засварын ажлыг хийж эхлэх юм.

– Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд Олон улсын хөдөлмөрчдийн баярыг тохиолдуулан өчигдөр амарчээ. Харин тавдугаар сарын 2-ноос  буюу өнөөдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу ажиллана. 

– НӨАТ-ын урамшууллын системийн супер азтан өнгөрсөн сарын 20-ны өдөр тодорсон ч баримтаа бүртгүүлээгүй байгаа тухай мэдээлж байсан. Үүнтэй холбоотойгоор ГТЕГ-ын Мэдээллийн технологийн төвийн захирал Р.Отгонтулга өнгөрсөн баасан гаригт /2016.04.29/ сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. 400 саяын азтан гэх С.Алтанзул, Н.Цээпил нар ГТЕГ-т хүсэлт ирүүлсэн байна. Иргэн С.Алтанзулын дөрөвдүгээр сарын 5-нд ирүүлсэн хүсэлтийг үзэхэд QR код нь баларсан байжээ. Тиймээс ГТЕГ-аас үүнийг дүгнэх боломжгүй гэж үзээд лабораторийн шинжилгээнд өгсөн байгаа гэнэ. Шинжилгээний хариу ирэх долоо хоногоос гарах юм байна. Хоёр дахь азтан Н.Цээпил дөрөвдүгээр сарын 26-ны 14.00 цагт хүсэлтээ өгчээ. Хүсэлтийн дагуу ГТЕГ-ын Мэдээлэл технологийн төвд задалж уншихад QR код нь тухайн баримттайгаа нийцэхгүй байжээ. Тиймээс НӨАТ-ын сугалааны 400 саяын азтан тодроогүй байгааг албан ёсоор мэдээллээ. Харин сугалааны журмын дагуу сугалаа явагдсан өдрөөс хойш 90 хоногийн дотор азтан маань баримтаа авч ирсэн тохиолдолд азтанг зарлах гэнэ. Хэрэв зургадугаар сарын 20-ныг хүртэл азтан тодрохгүй бол энэ мөнгийг төрийн сан руугаа буцаах юм байна.

– Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг үндэслэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-ний өдрөөс арилжааны банкууд цалин, тэтгэврийн зээлээс бусад барьцаалан зээлдүүлэхтэй холбоотой бүхий л зээлээ зогсоож байсан юм. Банкны холбоо болон арилжааны банкуудын гаргасан энэ үйлдэл Шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн байсан гэж өнгөрсөн баасан гаригт /2016.04.29/ ШӨХТГ-аас мэдэгдэл хийжээ. Гэхдээ тухайн орон сууцны найман хувийн зээлээ зогсоосон Голомт, Хаан, Хас, Капитал зэрэг банкид хариуцлага тооцолгүй, анхааруулга хүргүүлсэн байлаа.

– Монголбанкны мэдээгээр банкууд  2016 оны гуравдугаар сард нийт 1344 зээлдэгчдэд 82.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл  шинээр олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 3565.3 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 81015-д хүрчээ. Гуравдугаар сард таван хувийн хүүтэй 11.0 тэрбум төгрөгийн зээлийг 252 зээлдэгчдэд олгосон бол 540 зээлдэгчдийн 22.3 тэрбум төгрөгийн зээлийг найман хувиас таван хувь рүү шилжүүлжээ. Гуравдугаар сарын  эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 3.1 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 18.2 нэгж хувиар тус тус өссөн байна.

– Хаврын тариалалт тавдугаар сарын 5-ны өдөр эхэлнэ гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдсэн. Тариалалт эхлэхээс өмнө ОХУ-аас оруулж ирэх найман мянган тонн үрийн буудайг импортолж, тариаланчдад нийлүүлэхээр Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/ ажиллаж байна. Импортын буудайг “Милл хаус”, “Хангайн гурил”, “Нямбайгаль Даваа” гэсэн гурван аж ахуйн нэгж ТЭДС-д нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд өнгөрсөн Пүрэв гаригт “Нямбайгаль Даваа” компани хоёр мянган тонн импортын үрийн буудайг оруулж ирж, ТЭДС-ийн Хөтөл салбарт гаалийн бүрдүүлэлтийг хийж шилжүүлсэн байна.

– Багдад хотноо жагсагчид парламентын ордон руу дайрснаас уржигдар /IV.30/ Иракт онц байдал тогтоожээ. Жагсагчид АНУ-ын элчин сайдын яам, засгийн газрын гишүүдийн байрладаг “Ногоон бүс” рүү нэвтэрсний дараа аюулгүй байдлынхан нөхцөл байдлыг хяналтандаа авахаар онц байдал тогтоосон байна. Засгийн газрын гишүүдийн олонх нь жагсагчдыг орж ирэхээс өмнө зугтсан боловч зарим нь гарч чадалгүй уурссан олноос айн бүгж байгаа аж.   Иракийн улс төрийн системийн үндэс суурь, ерөнхий сайдын эрх мэдлийн тодорхой байдлаас үүдэлтэй жагсаал цуглаан олон сар үргэлжилсний эцэст эсэргүүцэл туйлдаа хүрсэн нь энэ гэж ОУ-ын мэдээллийн агентлагууд мэдээлж байна.

– “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын нээлт өнгөрсөн баасан гаригт Үндэсний номын сангийн Их танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны зарлиг, Засгийн газрын 2004 оны 163 дугаар тогтоолоор энэ өдрийг жил болгоны тавдугаар сарын эхний Ням гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг болоод 12 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

– Увс аймгийн Тэс сумын Нарийны голын 5.3 тэрбум төгрөгөөр барьсан гүүр нураад 10-аад хонож байна. Зам тээврийн яамнаас ажлын хэсэг гарч гүүрний нурсан шалтгааныг тогтоохоос гадна засвар шинэчлэлийн ажлыг хийж эхэлжээ. Нурсан гүүр бол Тэс сумын зорчих хэсгийг хангадаг гол тулгуур нь байсныг салбарын яамнаас нь мэдээллээ. Иймээс яаралтай засварлахгүй бол иргэдийн хөдөлгөөн боогдож байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж