Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Голын усыг сөрнө гэдэг нэлээд хүч хөдөлмөр шаардсан ажил. Одоогийн УИХ, Засгийн газрын гишүүдийг ширүүн урсгалтай голд сэлж явна гэж төсөөлвөл энэ дунд Эрдэнийн Бат-Үүл гэдэг нөхөр голын урсгалыг сөрж байна. Магадгүй очих газар нь тодорхойгүй, сөрөөд амжилт олохгүй нь харагдаж байгаа ч бие хүнийхээ хувьд өөрийнхөө эрх чөлөөг эдэлж байна. Гэтэл одоогийн УИХ, Засгийн газарт багтдаг хэдэн гишүүн энэ эрхээ эдэлж чаддаг болов уу. Э.Бат-Үүл бол сонирхолтой судлагдахуун. Тэр эхнээсээ л ийм байсан, одоо ч хэвээрээ. Яг өнөөдрийн нөхцөл байдалд Э.Бат-Үүлээс өөр “Ерөнхий сайдыг огцруулна” гэж дуугарах зоригтой аавын хүү, ээжийн охин энэ парламентад лав байхгүй. Тэд магадгүй Ерөнхий сайдыг огцруулах юмсан гэж зүүдэлдэг л байх. Гэвч хар хөлс нь цувчихсан цочиж сэрдэг биз дээ. Монголын парламентын хаалгыг хүчтэй нээж салхи оруулагч нь Э.Бат-Үүл. Энэ зориг нь үнэлэгдээд Монгол Улсын Баатар болсон ч юм билүү. УИХ-ын гишүүд одоогийн Ерөнхий сайдаас айж байхад тэр л ганцаараа өндийж босоод “Огцрох хэрэгтэй” гэж хэлж байгаа нь олон нийтэд “гоё” харагдаж байна. Түүний хэлсэнээр Ерөнхий сайд С.Батболд огцорно гэж байхгүй л дээ. Гэхдээ л их улс төрд шударга үнэний салхийг сэвэлзүүлж байна гэдэг л чухал. Урсгал дагаж хөвөх бус урсгал сөрж сэлсэн хүн л мундаг харагддаг шүү дээ. Ямартай ч УИХ-ын эрхэм гишүүн Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл та “гоё” харагдаж байна.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж