Эмэгтэйчүүдийн квотыг бууруулах тохироо яригдаж байна

Хуучирсан мэдээ: 2016.05.02-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн квотыг бууруулах тохироо яригдаж байна

Эмэгтэйчүүдийн квотыг бууруулах тохироо яригдаж байна

-Хэрвээ эмэгтэйчүүдийн квотыг багасгах, эсвэл бүүр үгүй болгох сураг үнэн бол энэ удаагийн сонгууль эрх зүйн хувьд нэг биш зүйл дээр ухарсан нөхцөлд болох нь-

Улс төрийн намын жагсаалтаар сонгогдох пропорциональ элементийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт, үүнээс үүдсэн Сонгуулийн хуулийн өөрчлөлтийн чимээ өнгөрсөн долоо хоногийн гол сэдэв байлаа. Үндсэн хуулийн Цэцийн хориг тавиад байгаа тогтолцоогоор өнөөгийн парламентыг монголчууд 2012 онд сонгосон. Дөрвөн жилийн өмнө болж байсан Сонгуулийн хуулийн энэ хэсэг яагаад одоо болохгүй болсоны учрыг хүмүүс янз янзаар тайлж байна. Энэ олон таамгаас хамгийн үнэнд ойрхон нь 20 гаруй жил ээлжлэн эрх барьсан хоёр гол намын рейтинг шалдаа бууж, сонгогчдын итгэлийг алдсан явдал. Сонгогчид энэ удаа хүний хуучныг сонгохгүй байх магадлал маш өндөр байгаа нь эрх баригчдыг айлгаж байна. Олон жил ярьсан гуравдагч хүчин энэ 2016 оны сонгуулиар гарч ирэх бүхий л угтвар нөхцөл бүрдээд байгаа юм.Шинээр баталсан Сонгуулийн хуулинд улс төрийн нам тойргоос буюу мажоритараар дор хаяж ганц суудал авсан тохиолдолд парламентын намд тооцогдож жагсаалтаар хүн оруулж ирэх боломж нээгдэх заалтыг зүгээр ч нэг суулгаж өгөөгүй. Энэ нь үнэндээ парламентаас гадуурх намуудын парламентад орж ирэх босгыг улам өндөрсгөж, хаалт хийсэн заалт юм.

Одоо Сонгуулийн хуулийг 76 мандатаар жижигрүүлсэн тойргоос сонгох хувилбартай болгон өөрчилнө гэдэгт олон хүн итгэлтэй байна. Гэвч Сонгуулийн хуулийн өөрчлөлт ганц тогтолцоогоор зогсохгүй бололтой. Хуулинд заагдсан эмэгтэйчүүдийн квотыг багасгах, магадгүй бүүр байхгүй болгох асуудал яригдаж эхэлжээ. УИХ-ын эмэгтэй гишүүд ч өнгөрсөн амралтын өдрүүдээр ийм шуум явж байгааг нотоллоо.

Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг суулгаж өгөх тухай олон жил ярьж байж 2011 оны хуульд нам, эвслээс нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна гэсэн заалт орсон. Энэ заалт болон 2012 оны сонгуулийн холимог тогтолцооны үр дүнд өнөөгийн парламент түүхэндээ байхгүй өндөр буюу 11 эмэгтэй гишүүнтэй байгаа. Харин өнгөрсөн 2015 оны арванхоёрдугаар сард батлагдсан хуулиар энэ квотыг 30 хувь болгон нэмэгдүүлсэн юм. 2005 онд Монгол Улсын Засгийн газраас баталсан Мянганы хөгжлийн зорилтод 2015 он гэхэд үндэсний парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг 30 хувьд хүргэнэ гэж заасан байдагтай энэ заалт уялдаж байгаа. Гэвч өмнө өгүүлсэнчлэн тоглоомын дүрэм өөрчлөгдөж пропорционалийг халах тохиолдолд УИХ-д сонгогдон гарч ирэх эмэгтэйчүүдийн тоо эрс буурах магадлал өндөр.

СЕХ-ны тайлан мэдээгээр 1992 оны парламентын сонгуульд 293 хүн нэр дэвшиж гурван эмэгтэй, 1996 онд 302 хүн нэр дэвшиж найман эмэгтэй, 2000 онд 602 хүн нэр дэвшсэнээс есөн эмэгтэй, 2004 онд 244 нэрдэвшигчээс таван эмэгтэй, 2008 онд 356 хүн нэр дэвшиж гурван эмэгтэй, 2012онд 544 нэр дэвшиж, үүнээс 174 нь эмэгтэй байж, 11 эмэгтэй УИХ-д сонгогджээ. 2012 оны сонгуулийн дүнд хамгийн өндөр буюу парламентын гишүүдийн 14.5 хувь нь эмэгтэй болсон энэ нь олон улсын эмэгтэй парламентчдийн дунджаас (21.9 хувь) доогуурүзүүлэлт юм.

Хэрвээ эмэгтэйчүүдийн квотыг багасгах, эсвэл бүүр үгүй болгох сураг үнэн бол энэ удаагийн сонгууль эрх зүйн хувьд нэг биш зүйл дээр ухарсан нөхцөлд болох нь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж