Кенид 105 тонн эвэр, соёог шатаав

Хуучирсан мэдээ: 2016.05.01-нд нийтлэгдсэн

Кенид 105 тонн эвэр, соёог шатаав

Кенийн нийслэл Найроби хотноо бямба гаригт /IV.30/ 105 тонн хирсний эвэр, зааны соёог шатаажээ. Кенийн ерөнхийлөгч Ухуру Кеньятта олон мянган амьтны эвэр, соёог шатааснаар энэ төрлийн наймааг зогсоох ёстой гэх мессежийг дэлхий дахинд хүргэхийг зорьсон байна. Кенид 8000 орчим амьтны эвэр, соёог шатаасан аж. Кенид 1989 оноос хойш анх удаа их хэмжээний эвэр, соёог шатаасан нь энэ юм.

Гэвч Кенийн зарим иргэд хар зах дээр 150 сая ам.доллар хүрдэг эвэр, соёог зүгээр шатаасныг эсэргүүцжээ. Кенид зааны соёог худалдаалахын тулд алж устгаснаас тоо толгой нь огцом багассаныг эсэргүүцэн 1989 онд олон мянган тонн соёог шатааж байжээ. Улаан номд орсон төрөл зүйлийн амьтан, ургамлын худалдааг хориглосон олон улсын конвенци 1989 онд Арфикийн зааны соёог худалдаалахыг хориглосон байна. Харин энэ жил тус конвенци Өмнөд Африкт хуралдах үеэр хирсний эврийг худалдахыг бүр мөсөн хориг тавиулахыг хичээж байгаа аж.

Хулгайн анчид 2009-2012 оны хооронд 100 мянга орчим зааныг алж устгасан байна. 1970-аад онд Африкт 1.2 сая заан амьдарч байсан бол өдгөө тоо толгой нь 400-450 мянга болж хорогджээ. Түүнчлэн Африкт 30 мянга хүрэхгүй тооны хирс үлдсэн байгаа бөгөөд Кенид сүүлчийн гурван хирсийг буутай цэргүүд жижүүрлэн хамгаалж байгаа аж. Гэтэл Кенид 1970-аад оны үед 20 мянган хирс байсан аж. Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж