Цэрэг татлага эхэлнэ | News.MN

Хуучирсан мэдээ: 2016.05.01-нд нийтлэгдсэн

Цэрэг татлага эхэлнэ

Зэвсэгт хүчний нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг. Энэ дагуу өнөөдрөөс буюу тавдугаар сарын 1-15-ний хооронд орон даяар 2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхлэх болж байна. Цэрэг татлага эхлэхтэй зэрэгцэж өмнөх жилд дээрх сард татагдан ирж байсан хуучин цэргүүд халагдана.

Цэрэг татлагыг зохион байгуулахад нийслэл, орон нутаг бүр харилцан адилгүй байх аж. Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. 

Цэрэг татлагаар зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очих ёстой аж.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр:

Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” /96 дугаар дунд сургууль/ цогцолбор
Баянзүрх дүүрэг – 53 дугаар дунд сургууль
Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль
Сонгинохайрхан дүүрэг – “Ирээдүй” / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор
Хан-Уул дүүрэг – 34 дүгээр дунд сургууль
Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургуульд тус бүр зохион байгуулагдана.

Д.ЖАГАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж