Багдад хотноо жагсагчид парламентын ордон руу дайрснаас өчигдөр /IV.30/ Иракт онц байдал тогтоожээ. Жагсагчид АНУ-ын элчин сайдын яам, засгийн газрын гишүүдийн байрладаг “Ногоон бүс” рүү нэвтэрсний дараа аюулгүй байдлынхан нөхцөл байдлыг хяналтандаа авахаар онц байдал тогтоосон байна. Засгийн газрын гишүүдийн олонх нь жагсагчдыг орж ирэхээс өмнө зугтсан боловч зарим нь гарч чадалгүй уурссан олноос айн бүгж байгаа аж.
Иракийн улс төрийн системийн үндэс суурь, ерөнхий сайдын эрх мэдлийн тодорхой байдлаас үүдэлтэй жагсаал цуглаан олон сар үргэлжилсний эцэст эсэргүүцэл туйлдаа хүрсэн нь энэ юм.
Авлигад идэгдсэн улс төрчид Иракийн газрын тосны баялгаас хулгайлж байна хэмээн жагсагчид хашгирч байгаа аж. Жагсаалыг тэргүүлэгч шийт номлогч Муктада аль-Садр Иракийн засгийн газрыг технократуудаар солихыг уриалан хүмүүсийг өдөөн турхирч байна.
Иракт жагсаал цуглаан үймээн дэгдсэн нь исламын зэвсэгт дайчдын эсрэг тэмцэлд саад болно хэмээн АНУ-ын албаныхан санаа зовниж байгаа аж.
Эх сурвалж: The Washington Post
Б.АНХТУЯА