Ардын нам намын шинэчлэлээс нийгмийн шинэчлэл рүү

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Ардын нам намын шинэчлэлээс нийгмийн шинэчлэл рүү

АРДЫН НАМ НАМЫН ШИНЭЧЛЭЛЭЭС НИЙГМИЙН ШИНЭЧЛЭЛ РҮҮ…

1945 он. Тусгаар тогтносон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын түүх эхэлсэн он жил. Тухайн оны аравдугаар сарын 20-ны өдөр монголчууд бултаараа “Та тусгаар тогтносон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын иргэн байхыг хүсч байна уу” гэсэн асуултад “Тийм” хэмээн хариулснаар та бид­ний өмнө эрх чөлөөт Монгол Улсын иргэн байх сайхан ирээдүйн үүд хаалгыг нээснийг бид мэднэ.

Тэгвэл өнөөдөр 2011 оны долдугаар сарын 4-ний өдөр. Энэ өдрөөс эхлэн есдүгээр сарын сүүлийн ням гарагийг хүртэл та бид нэгэн асуултанд хариултаа бэлтгэж суух үүрэг хүлээж байна. Асуултыг утгачилбал “Та Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу” гэх өгүүлбэр. Хариулт нь “Тийм”, “Үгүй” гэсэн хоёр хувилбартай. Та бидний хариулт тэртээ 1945 оны ард нийтийн санал асуулгын хариу шиг Монгол Улсын тусгаар тогтнолыг шийдэхгүй ч ардчилсан нийгмийг авч үлдэх эсэхийг шийдэх томоохон сорилтын хариу болох ёстой. Мөн дээрх санаачилгыг гаргасан Ардын нам болон санаачилгыг дэмжигч Ардчилсан намын ирээдүйн улс төрийн карьерийг УИХ-ын 2012 оны сонгуулиас өмнө тодорхойлох боломж ч уг ард нийгмийн санал асуулгын дүнд нуугдаж буй гэж болно. Учир нь өнөөдрийг хүртэл Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр санал зөрөлдөж, мухардалд ороод байсан хоёр намын зөвшилцөл эргээд өөрсдөд нь асар их эрсдэл хүлээж болохуйц шийдвэрт огтлолцсон нь энэ.

Хэрэв ард нийтийн олонхи нь “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Сонгуулийн тухай хуулийг пропорциональ тогтолцоо давамгайлсан холимог системээр явуулах нь зөв” гэж үзвэл Ардчилсан намын санал автоматаар дэмжигдлээ гэсэн үг. Харин “Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагагүй. Бид хувь хүнийг сонгодгоороо сонгоно” гэвэл Ардын намыг ард нийт дэмжиж байгааг тэрхүү санал асуулгын дүнгээс мэдэж болно. Гол нь ийм том эрсдэл дунд туучиж өнгөрөх зориг гаргасан Ардын намын шийдвэр Ардчилсан намд таалагдсан нь та бидний хувьд сайн хэрэг. Магадгүй иргэний хөдөлгөөнийхөнд ч анх удаа хүсэл сонирхлыг нь хүндэтгэсэн эерэг шийдвэр гэх сэтгэгдэл төрүүлж байж болох. Учир нь, тэд өнгөрсөн хугацаанд удаа дараа “Ард нийтийн санал асуулга зарла” хэмээн шаардаж байсан. Хэдийгээр тэд “УИХ-ыг тараах тухай…” хэмээн сэдвээ тодорхойлох нь бий ч энэ удаагийн санал асуулгын дүн өөрсдөд нь ч нээлттэй боломжийг олгож буй. Сүхбаатарын талбайд жагсаж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр байр сууриа дэлгэхийн зэрэгцээ олон нийтийн дунд ухуулга сурталчилгаа явуулах гээд тэд санал асуулга болох өдрөөс өмнө өөрсдийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлж болно. Ингэснээр тэд “Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дамжин одоогийн төр засгийг өөрчлөх үү” эс бол “Хэвээр нь үлдээх үү” гэдэгт ард нийт ямар санаа бодолтой байгааг мэдэж авах юм. Мөн “Боломж өөрсдийнх нь талд байна уу” гэдгийг ч тааж, тааварлаж суухгүйгээр тодорхой мэднэ гэсэн үг.

 “Улс төрийн шийдэл тодорхой байх ёстой” гэдэг дээр хожуу ч болов тохиролцож чадсан хоёр намын Сангийн сайд С.Баярцогт болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар нараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр техникийн шинжтэй саналаа тус, тусын намын бүлгийн хуралдаанаар оруулах ёстой. Улмаар УИХ-ын хаврын чуулганаар асуудлыг эцэслэн шийднэ. Өмнө нь асуудлыг Төрийн ордонд, сонгогчдын төлөөлөл гэдгээр халхавч хийсэн УИХ-ын гишүүд өөрсдийн эрх ашигт нийцүүлэн шийдэж ирсэн нь нууц биш.

Улмаар “Ард түмнээсээ нуугдсан төр” гэх шүүмжлэл олон нийтийн дэмжлэг авч, тэдний бухимдлыг төрүүлдэг бодит шүүмжлэл болчихсон гэвэл хэтрүүлсэн болохгүй. Мөн “Нам тэгж шийдсэн учраас бид ингэж шийднэ” гэсэн УИХ-ын гишүүдийн явцуу байр сууринд сонгогч та бидний итгэл үнэмшил тусдаг байсан уу гэвэл олонхи нь “Эргэлзээтэй” гэсэн хариулт олох нь тодорхой.

Харин энэ удаад 1945 оноос хойш хоёр дахь удаагаа Монгол Улс даяар ард нийтийн санал асуулга явуулах гэж буй нь энэ. Нэг ёсны ард түмэн энэхүү санал асуулгаар Үндсэн хуульд заасан “Төрийн эрх баригч” гэдэг тэр эрхээ эдлэх юм. Төрийг улстөрчид бус харин ард түмэн сонгодог гэдгийг эрх баригчдад дахин нэг удаа сануулж, улмаар “Ардчилсан Монгол Улсын иргэн” гэдэг тэр итгэл үнэмшлээ баталгаажуулна гэсэн үг.

Гол нь энэ саналыг гаргасан Ардын нам санаачилгадаа хүрч, бодит шинэчлэлийг ард түмнээр хийлгэсэн шиг хийлгэж чадвал жинхэнэ утгаараа намын шинэчлэл нь нийгмийн шинэчлэл болж чадах биз. Эс бөгөөс нийгмийн бухимдал улам бүр даамжрах аюултайг сануулахад буруудах юун. Тэгээд ч шинэчлэлд үр дүн чухал болохоос бус “Ард нийгмийн санал асуулга явуулна” гэдэг саналаа зүгээр нэг хэлбэрдэлт болгоод өнгөрвөл гарах аюулыг нь хэн ч тогтоон барьж чадахгүйд хүрэх нь дамжиггүй. Иймд Ардын намыг санаачилсан санаачилгадаа хариуцлагатай хандаж, улмаар ардчилсан Монгол Улсын иргэний эрхийг жинхэнэ утгаар нь дархлах тэр сайн өдрийг баталгаажуулна гэж найдъя. Мэдээж найдвар олонтаа таагүй хариулттай үлддэг ч энэ удаад итгэл найдвараа гээх эсэхээ та бид есдүгээр сарын сүүлчийн ням гараг хүртэл түр анзах нь зөв биз.

Ямартай ч энэ санал асуулгыг зарлах эрх УИХ-д бий гэдгийг эцэст нь тодруулахад буруудахгүй болов уу. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн “УИХ-ын төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ” гэсэн гуравдугаар бүлгийн 1.25.16-д “Ардын нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонх нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ” гэсэн заалт бий. Тэгэхээр УИХ бүрэн эрхээ эдэлж, Ардын нам энэхүү ард нийтийн санал асуулгаар дамжуулан “Намын шинэчлэлээс нийгмийн шинэчлэл рүү” гэх хамгийн том зорилтоо олон нийтэд зарлаж буй нь энэ байж болох юм.

Г.Отгонжаргал

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж