Э.Билэгсайхан VII байр эзэллээ

Хуучирсан мэдээ: 2016.04.30-нд нийтлэгдсэн

Э.Билэгсайхан VII байр эзэллээ

“РИО-2016” олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 105, +105 кг, эмэгтэйчүүдийн +75 кг-ын жингийн өрсөлдөөн явагдлаа.

Манай улсаас эмэгтэй +75 кг-д өрсөлдсөн ОУХМ Э.Билэгсайхан шагналт VII байр эзлэв. Тэрээр түлхэлтээр 83 кг, огцомоор 96 кг, нийлбэрээр 179 кг-ыг өргөлөө. Түүний жинд БНАСАУ-ын Ким Кук Хён 291 кг (131+162) өргөсөн амжилтаар тэргүүлсэн бол Тайландын тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртжээ.

Ийнхүү Узбекстаны Ташкент хотноо дөрөвдүгээр сарын 21-д эхэлсэн эрэгтэйчүүдийн 46, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөж байна. Тус тэмцээнд 33 улсын 262 тамирчин 15 жингийн ангилалд өрсөлдсөн юм. Багийн дүнгээр эрэгтэйчүүд эхний VII, эмэгтэйчүүд VI байрт шалгарвал тус бүр олимпийн нэг эрхийг авах бөгөөд дүн удахгүй гарна.

Манай баг тамирчид энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож, анхны эмэгтэй тивийн аваргаа угтсан сайхан амжилтыг үзүүллээ.

“Алдар” спорт хороо, “Ёкохома” компанийн тамирчин, ОУХМ М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд огцомоор 112 кг, түлхэлтээр 132 кг, нийлбэрээр 244 кг-ыг өргөн ТИВИЙН аварга цолыг хүртсэн. Мөн эмэгтэй 75 кг-д Б.Энхтамир V, 75 кг-д Э.Билэгсайхан VII, 63 кг-д Т.Анужин VIII байрыг эзлэв. Эрчүүдээс 56 кг-д ОУХМ Ө.Чагнаадорж, 62 кг-д ОУХМ Э.Мөнхдөл нар шагналт VIII байрт орлоо.

ДҮН:

Эрэгтэй:

  • 56 кг: ОУХМ Ө.Чагнаадорж – 250 кг (110+140) – VIII байр
  • 62 кг: ОУХМ Э.Мөнхдөл – 259 кг (116+143) – VIII байр, Б.Баярням – 222 кг (100+122) – XV байр
  • 69 кг: Спортын дэд мастер Э.Оюунбат – 235 кг (110+125) – XXI байр
  • 77 кг: Спортын мастер Ч.Очирхуяг – 277 кг (127+150) XVII, спортын дэд мастер Ө.Баянмөнх
  • 85 кг: Спортын дэд мастер Б.Цэнд-Аюуш – 265 кг (117+148) XVIII, спортын мастер Б.Гантулга 245 кг(110+135) -XIX

Эмэгтэй:

  • 48 кг: ОУХМ Б.Золбоо 132 кг (62+70) – XIV байр, ОУХМ Ч.Нямзул 122 кг (57+65) – XVI
  • 53 кг: ОУХМ А.Бум-Аюуш 151 кг (68+83) – XV
  • 63 кг: ОУХМ Т.Анужин 194 кг (86+108) – VIII
  • 75 кг: ОУХМ М.Анхцэцэг 244 кг (112+132) АЛТ, ОУХМ Б.Энхтамир 214 кг(98+116) – V
  • +75 кг: ОУХМ Э.Билэгсайхан 179 кг (83+96) -VII байрт тус тус орлоо.

Энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцсон эмэгтэй баг эхний 6-д орох боломжтой юм. Багийн дүн удахгүй гарна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж