АНУ Афганистанд тусламж үзүүлсээр байх болно

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

АНУ Афганистанд тусламж үзүүлсээр байх болно

Б.ОБАМА: АНУ АФГАНИСТАНД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛСЭЭР БАЙХ БОЛНО
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Афганистан улсаас болон Исламын шашинт зарим орноос энхийг сахиулагчдаа нутаг буцаах болсон талаар ярьжээ. Мөн Исламын орнуудад баримтлах бодлого, энхийг сахиулах ажиллагааны үргэлжлэл, террорист бүлэглэлийн талаар сонирхолтой яриаг VOA мэдээллийн агентлагт ярилцлага өгснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
   

-Та Афганистан дахь АНУ-ын цэргүүдийг эх оронд нь буцаах шийдвэрийг саяхан гаргасан. Энэ шийдвэрийг Афганистан улсын ард түмэн хэрхэн хүлээн авч байна вэ?

-Хоёр жилийн өмнөх түгшүүртэй байдлыг өнөөдөртэй харьцуулбал, бид том амьсгаа авсан гэж хэлж болно. АНУ-ын зүгээс болон миний шийдвэрээр 2009 онд Афганистанд 30 мянган цэрэг нэмж оруулсан. Тухайн үед АНУ-ыг хаа сайгүй муугаар хэлж байж билээ. Манай улсын гол баримталж байсан зүйл бол Афганистан улсын цэргүүдийг сайн бэлтгэж, талибанчуудаас хамгаалах өөрсдийн чадварыг бий болгох явдал байсан юм. Одоо бид цэргээ гаргаж байна. Афганистан улсын арми болон цэрэг эрс одоо юу хийхээ сайн мэддэг болсон. Ингэснээрээ тэд гэр орноо гадны халдлагаас хамгаалах бүрэн чадвартай болсон гэж бид үзэж байгаа. Мөн АНУ-ын зүгээс Афганистан улсын Кандагар болон Хелманд хотод цэрэг зэвсгийн томоохон тусламж үзүүлсэн. Энэ нь бидний үзүүлж буй бу­цалтгүй тусламж юм. Энэ жил 10 мянган цэрэг Афганистан улсыг орхин явснаар афган цэргүүдэд том хариуцлага ирж байгаа гэдгийг тэд сайн ойлгох биз. АНУ цэргээ татаж дуусгах тэр үед талибанчуудыг Афганистан улсын арми бүрэн хяналтдаа байлгаж чадна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ч манай хоёр улсын харилцаа урьдын адил халуун дулаан хэвээр байгаа. Бид цаашид ч хамтран ажиллах болно.

-НАТО-ийн гишүүн орнууд цаашид дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна уу. Тэд өөрсдийн гэсэн шийдвэрийг зарим зүйлээс үл хамааран гаргавал яах вэ?

-Бид Афганистанаас цэргээ татахын өмнө НАТО-ийн гишүүн орнуудтай хэлэлцсэн. Бүх зүйл шийдвэрийн дагуу явагдаж байгаа. Би өөрийн биеэр НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзсан. Шаардлагатай гэж үзвэл 68 мянган цэрэг үлдээхэд бэлэн. Мөн дараа жил гэхэд АНУ-ын бүх цэрэг Афганистан улсыг орхин явах болно. Цэргүүдийг эх оронд нь буцаах үед Афганистаны цэргүүд аюулгүй байдлыг хангах болно. Биднээс хойш тэд эх орноо хамгаалах болно шүү дээ.

-Та тун итгэлтэй харагдаж байна. Цэргүүдийг шилжүүлэх үйл явц хэрхэн өрнөх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Манай улсын хуурай замын цэргийн ерөнхий коммандлагч Афганистан улсын Засгийн газартай хамтран ажиллаж байгаа. Миний хэлж чадах зүйл бол тун энгийн. Бид цэргүүдээ цөөн, цөөнөөр нутаг буцааж байгаа нь Афганистан улсын цэргүүдийг нөхцөл байдалд дасгах гэсэн арга. Нөгөө талаас афганистанчуудаар өөрсдөөр нь энхтайван байдлыг бий болгох гэсэн алсын бодлого юм. Хэлэх гээд байгаа зүйл нь ч энгийн. “Афганистан улс та нарынх шүү дээ. Та бүхэн одоо хариуцлагатай байж, эх орныхоо эзэд нь байх хэрэгтэй” гэсэн үг юм.

-Афганистан  улсын Ерөнхийлөгч Х.Карзай НАТО-г шүүмжилж байсан. Та энэ тал дээр сэтгэл зовнисон уу. Х.Карзай НАТО-той яг ямар төрлийн харилцаа холбоотой учраас шүүмжилсэн юм бол?

-Миний үзэж байгаагаар, Ерөнхийлөгч Х.Карзай бидний л адил стратегийн бодлого баримталж  байгаа болов уу. Тэр өөрөө ч АНУ цаашид тусламжийн гараа сунгах байх гэдгийг ухаарч байгаа. АНУ-ын ирээдүйн сонирхолд нийцсэн, Афганистан улсын Үндсэн хууль энэ бүхэн ганц л зүйлийн төлөө хамтарч байгаа нь тодорхой. Тэр нь терроризм. Афганистан улсын хувьд терроризм үгүй болох юм бол ард түмэн сэтгэл амар сайхан амьдрах нөхцөл бий болно гэдэгт эргэлзэхгүй байна.

-Бид НАТО-ийн гишүүн ор­нуудын талаар ярилцаж байсан. Харин та Афганистан дахь байл­дааны байдлаас залхаж байна уу?

-Энд ямар ч эргэлзээ байхгүй. Бүхэл бүтэн 10 гаруй жилийн хугацаанд маш их хөрөнгө зарж, алтан амиа үгүй хийж, олон мянган аав, ээжүүд үр хүүхдээсээ хагацсан. Энэ бүхний сайн талыг эргэн харъя. Ямар ч байсан алдсан арван жилээ гурав, дөрөв, магадгүй түүнээс ч их нугалж болох тийм сайхан ирээдүйг авчирсан болов уу. Үр хүүхэд маань энх амгалан өсч, тайван орчинд амьдрах ирээдүйг бий болгосон. Тэр утгаараа ч ирээдүйд терроризм гэдэг зүйл ор сураггүй алга болно гэдэгт найдаж байна.

-Та талибанчуудыг юу гэх вэ. Тэд одоо ч аюултай хэвээр байгаа шүү дээ?

-Исламын орнуудад энхтайван байдал тогтсон нь үнэн. Гэхдээ энэ нь зөвхөн талибанчуудаас  шалт­гаалаагүй гэдгийг хү­­мүүс ойлгох хэрэгтэй. Бид аф­ганистанчуудад тусална. Харин тэд “Аль-Кайда” бүлэглэлтэй харьцаагаа бүрэн тасалж, улс төрийн хүчээ зузаатгах хэрэгтэй. Тэгсэн цагт гадны нөлөө үгүй болж, өөрийн гэсэн бүх эрх мэдлээ эргүүлэн авах биз. Мэдээж манай улсын цэргүүд улс төр дэх хүчээ зузаатгах тал дээр тусламж үзүүлэхэд бэлэн байгаа гэдгийг хэлмээр байна. Цаг үе өөрчлөгдсөн гэдэгт би итгэлтэй байна.

-Пакистан улсын хувьд?

-Миний бодлоор, одоогоос хоёр жилийн өмнөх Пакистан улс Афганистантай адилхан асуудалтай мэт санагдаж байсан. Гэхдээ энэ хоёр оронд ижил зүйл бий, өөр зүйл ч бий. АНУ-аас хамааралгүйгээр эдгээр улс хамтран ажиллаж, хилийн бүс дэх террористуудыг устгаж болохгүй зүйл байхгүй.

-Гэхдээ л одоог хүртэл Пакистан, АНУ-ын хооронд хүйтэн хөндий харилцаа байсаар байгаа шүү дээ. Та энэ харилцааг өөрчлөхийг бодож байсан   удаатай юу?

-Би ганц  л зүйлд гайхширдаг. Энэ олон жил манай улстай хамтарч байсан хэрнээ яаж өнөөдөр Осама Бин Ладеныг илрүүлж устгасны дараа “Бид мэдээгүй” гээд жүжиглэж байна аа. Хэн ч бодоход хардах сэтгэл төрнө шүү дээ. Магадгүй манай тагнуулын тусгай албаныхан олж илрүүлээгүй бол юу болох байсныг бүү мэд. Гэхдээ АНУ, Афганистан болон Пакистан улс аюулгүй байдлаа сайн хангах, хамтрах боломжтой гэж үзэж байгаа.

-Та Пакистан улсыг терроризмтой тэмцэхэд үүрэг гүйцэтгэсэн гэж бодож байна уу?

-Миний үзэж буйгаар Пакистан улс нь өөрөө терроризмын үндэс суурь болж байсан мэт санагдаж байна. Дэлхий нийт Талибан  гэдэг үгийг Афганистан улстай холбон ойлгодог байсан. Энэ бүхэн өөрч­лөгдсөн. Терроризм Пакистаныг заналхийлсэн, айлгасан учраас л тэд өөрсдийгөө ийм байдалд оруулсан.

Б.БААТАР

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж