Африкийн холбоо М.Каддафийг баривчлахад оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Африкийн холбоо М.Каддафийг баривчлахад оролцохгүй

Африкийн холбоо Ливийн удирдагч Муаммар Каддафийг баривчлахад оролцохгүй гэж  мэдэгдлээ. Хурандаа Каддафийг хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг өдүүлж, улс орноо иргэний дайны ирмэгт хүргэсэн гэж буруутгаж Олон улсын шүүх баривчлах шийдвэр гаргасан юм. Гаагийн олон улсын шүүхийн гурван шүүгч өнгөрсөн зургадугаар сарын 27-нд Ливийн удирдагч Муаммар Каддафи, түүний хүү Саиф Аль-Ислам болон хүргэн Абдулла Аль-Санусси нарыг баривчлах шийдвэр гаргасан юм. Олон улсын шүүхийг байгуулсан Ромын тунхагт Ливи нэгдээгүй учраас шүүхийн гар Ливид нэвтрэх эрх байхгүй гэж хурандаа Муаммар Каддафи мэдэгдсэн билээ.

Харин ажиглагчид Олон улсын шүүхийн  дээрх шийдвэр  Муаммар Каддафийг 42 жилийн  ноёрхлоос татгалзах биш  харин үхэн үхтэлээ тэмцэхэд хүргэнэ гэж үзэж байгаа юм.  Ливийн удирдагчийг Олон улсын шүүхийн өмнө дуудахаар нэхэмжлэл гаргасан ерөнхий прокурор Луис Морено-Окампо баривчлах шийдвэр Муаммар Каддафийг огцруулахад чухал ач холбогдолтой гэжээ. Тэрбээр Муаммар Каддафийг баривчлах шийдвэрийг Гаагийн Олон улсын шүүх биш, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн нэгэн гишүүн гаргасан гэж мэдэгдсэн байна.

Ливийн асуудлаар ОХУ-НАТО хэлэлцээрийн ширээний ард суухаар төлөвлөжээ. Хар тэнгисийн эрэг дээрх Сочи хотод уулзалтад НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Расмуссен, ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев нар оролцоно гэж  РИА Новости агентлаг мэдээлжээ.

"Ливийн нөхцөл байдлыг тогтворжуулах цорын ганц гарц бол сөргөлдөөний галыг зогсоож, талуудыг хэлэлцээрийн ширээнд суулгах. Гэвч үүнд гадаадын орнуудын хөндлөнгийн оролцоо шаардлагагүй” гэж Кремль үзэж байгаа ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж