Иргэний зориг ногоон нам 2016 оны УИХ-ын сонгуульд дангаараа оролцох шийдвэр гарган, Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байсан ч Ардчилсан намтай дахин хэлэлцээ хийснээр дэмжиж оролцохоор болжээ. Ингэхдээ Иргэний зориг намын таван нэр дэвшигч Ардчилсан намын нэрээр 2016 оны УИХ-ын сонгуульд, мөн гурван хүн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанд тус бүр нэр дэвших болзолтойгоор энэхүү зөвшилцлийг баталгаажуулсан байна.
Ардчилсан нам, Иргэний зориг ногоон намын хувьд сонгуульд нэгдэж орох уу, эвсэж орох уу гэдэг асуудал өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн яригдсан юм. Ардчилсан намын зүгээс үзэл баримтлал нэг учраас Иргэний зориг ногоон нам нь нэгдэж оролцох ёстой гэсэн байр суурь барьсан ч тус намынхан зөвшөөрөөгүй. Улмаар эвсэх асуудал яригдсан ч олонхийн санал нь дангаараа оролцох ёстой гэх шийдэлд хүрээд байв. Гэвч хоёр намын удирдлагуудын төвшинд асуудал дахин сөхөгдсөнөөр Иргэний зориг нам нь 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намыг дэмжиж оролцох, ингэхдээ тус намын нэр дээр хэд, хэдэн гишүүнээ УИХ, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тус бүр нэр дэвшүүлэх боломжтой байх зөвшилцөлд хүрчээ.
Энэ асуудлыг Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаараа ярилцах бол Иргэний зориг ногоон нам нь мөн зөвлөлийн хурлаа зарлан хуралдуулж, энэ асуудлыг батлах сураг гарч байна. Үүний дараа Иргэний зориг ногоон намынхан 2016 оны УИХ-ын сонгуульд дангаараа оролцохоор илэрхийлсэн мөрийн хөтөлбөрөө татаж авах тактик барьж буй аж.
Г.ХОРОЛ