Азийн социал демократууд Улаанбаатарт чууллаа

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Азийн социал демократууд Улаанбаатарт чууллаа

АРДЫН НАМЫНХНЫ УРИЛГААР АЗИЙН СОЦИАЛ ДЕМОКРАТУУД УЛААНБААТАРТ ЧУУЛЛАА

Азийн Социал демократууд өнгөрсөн баасан, бямба гарагт Улаанбаатар хотноо чууллаа. Хурлыг Ардын нам Германы Фридрих Эбертийн сантай хамтран зохион байгуулсан юм. Уг хурлын нээлтэд Ерөнхий сайд С.Батболд оролцож, үг хэллээ. “Нийгэм, эдийн засаг, экологийн хөгжлийн тогтвортой загвар – Ази дахь хөгжлийн шинэ чиг хандлага” сэдвийн хүрээнд зохион байгуулсан уг хуралд Азиас Индонези, Малайз, Өмнөд Солонгос, Филиппин зэрэг орны төлөөлөгчид хүрэлцэн ирж, дээрх сэдвийн хүрээнд өөрсдийн орны туршлагаас хуваалцлаа. Харин Европоос Герман, Шведийн социал демократ намуудын төлөөлөл хүрэлцэн ирэв. Тэднээс гадна Монголын Социал демократ намын төлөөллөөс ч энэ удаагийн хуралд урьсан байсан юм. Төлөөлөгчид дөрвөн салбар хуралдаан хийж, хүрээлэн буй орчноо сүйтгэхгүйгээр байгалийн баялгаа ашиглаж, эдийн засгаа өсгөх арга, механизмын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тухайлбал, Герман улс 2020 он гэхэд цөмийн эрчим хүчний станцуудаас татгалзаж байгааг тус улсын төлөөлөгч хуралд оролцогчдод танилцуулаад германчууд ногоон эдийн засгийг хөгжүүлэхдээ ямар саад бэрхшээлийг даван туулсан зэрэг түүхийг танилцуулж, өөрсдийн туршлагаас хуваалцав. Мөн байгалийн баялгийг хуваарилах бодлогыг улс төрийн бодлоготой холбож, өрх бүрийг ажлын байраар хангаснаар иргэн бүрт хөрөнгө оруулалт хийх туршлагаасаа Шведийн төлөөлөгч энэ үеэр сонирхуулсан юм.

Я.Содбаатар: АРДЫН НАМЫНХАН НОГООН ЭДИЙН ЗАСГИЙГ ДЭМЖИЖ БУЙН ИЛРЭЛ НЬ ЭНЭ УДААГИЙН ХУРАЛ ЮМ

Энэ үеэр Ардын намын нарийн бичгийн дарга Я.Содбаатараас хуралдааны үр дүнгийн талаар сонирхсон юм.

-Ардын нам нь Азийн Социал демократуудын хурлыг эх орондоо анх удаа зохион байгуулж байна. Энэ нь Ардын нам СоцИнтернийн Ази, Номхон далайн бүс нутгийн нөлөө бүхий улс төрийн хүчин гэдгийг хүлээн зөвшөөрч буйн нэг илрэл юм. Мөн СоцИнтернийн гишүүн намын хувьд социал демократ үзэл баримтлал буюу нийгмийн ардчиллын үзэл санааг бүс нутагтаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буйн бодит үнэлэмж гэж бодож байна. Энэ хурлын үеэр Ардын намынхан нийгэм, эдийн засгийн хөгжлийг ямар арга замаар түлхүүрдэх гэж байгааг танилцуулсан. Цаашид үзэл баримтлал нэгтэй улс орнуудын туршлагыг судалж, алдаанаас нь суралцаж, оноог нь намынхаа мөрийн хөтөлбөрт тусгахаар ажиллаж байгааг ч дуулгасан. Нэг бүс нутагт оршдог орнуудын туршлагыг судалж, бодлогоо тодорхойлох чиглэлээр ажиллах саналыг маань хуралд оролцсон төлөөлөгчид дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Энэ хурлаас хүсэн хүлээж байсан үр дүн гарсан гэж бодож байна. Ардын нам цаашид ногоон эдийн засгийг бий болгохын төлөө идэвхтэй ажиллах болно. Цаашид энэ чиглэлээр явуулах  олон улсын хурал, цуглааныг эх орондоо хийхээр төлөвлөж байгаа.

Стивен Сим: АРДЫН НАМЫНХАН ҮЗЭЛ БАРИМТЛАЛАА ТОДОТГОСОН НЬ ЭНЭХҮҮ ХУРЛЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛАХАД ТҮЛХЭЦ ҮЗҮҮЛСЭН

Азийн Социал демократуудын сүлжээний Ерөнхий нарийн бичгийн дарга Стивен Сим энэ үеэр сэтгэгдлээ хуваалцсан юм.

-Юуны түрүүнд Азийн Социал демократуудын сүлжээний ээлжит хурлыг эх орондоо зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Ардын намын дарга С.Батболдод талархал илэрхийлье. Монгол Улсын эрх баригч хүчин болох Ардын нам нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард намынхаа ХXVI их хурлын шийдвэрээр зүүний буюу Социал демократ үзэл баримтлалаа тодотгосон. Энэ нь СоцИнтернийн Ази, Номхон далайн бүс нутгийн нөлөө бүхий улс төрийн хүчний хувьд социал демократ үзэл баримтлал буюу нийгмийн ардчиллын үзэл санааг бүс нутагт түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буйн бодит илрэл гэж үзсэн учраас Азийн социал демократуудын сүлжээний хурлыг Монгол Улсад зохион байгуулах болсон.  Манай сүлжээ социал демократ үзэл баримтлал бүхий бүс нутгийн улс төрийн нам, үйлдвэрчний эвлэл, улстөрчид, эрдэмтэд, судлаачдыг эгнээндээ нэгтгэсэн чөлөөт нэгдэл юм. Үүнийхээ хүрээнд бүс нутагт тулгамдаж буй цаг үеийн чухал асуудлаар хуралдаж санал, зөвлөмж, баримт бичиг гаргадаг. Энэ удаагийн хурлаар улс орнуудын төлөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүлж, илтгэл тавилаа. Тиймээс энэ удаагийн хурал өмнөх хуралдаануудаас онцлог болсон гэж дүгнэж болно. Ирэх есдүгээр сард сүлжээнийхээ ээлжит хурлыг Филиппиний нийслэл Манилад хийхээр төлөвлөж байна. Энэхүү хуралд Ардын намын гишүүдийг урьсандаа баяртай байна.

Тэрбээр ингэж ярив. Оролцогчид хурлдааны үр дүнд сэтгэл хангалуун байсан бөгөөд Ардын намынханд талархал илэрхийлж байгаагаа уламжилсан юм.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж