Хүн амын бүртгэлийн тулгалт хийж байна гэв

Хуучирсан мэдээ: 2016.04.29-нд нийтлэгдсэн

Хүн амын бүртгэлийн тулгалт хийж байна гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний бүртгэлийн тухай хуулийн төсөл/шинэчилсэн найруулга/-ийг хэлэлцэн 59.6 хувийн саналаар “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Уг төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг гадаадын иргэн тэр дундаа Монгол Улсад ирж байгаа жуулчид, зорчигчдын тоо тоо бүрхэг байгааг нарийвчлан гаргах. Сонгуулийн насанд хүрсэн иргэдийн бүртгэл өрхийн эмнэлгийнхээс зөрж байгааг тодруулах ажил хэр хийгдсэн, гадаадын жуулчдыг нарийн бүртгэх шаардлагатай байна гэсэн асуудал хөндөж хариулт өгөхийг хүслээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтны тайлбараар бол сонгуулийн насны 2 сая 157 мянган иргэн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн байна. Шинэчилсэн иргэний бүртгэлд 16 төрлийн мэдээлэл хадгалагддаг, үүн дээр нэмж гарын хурууны хээ, гэрийн хаяг зэрэг бүртгэлийг хамруулахаар чипэнд оруулах тоног төхөөрөмжөө улсын хэмжээнд тараан бэлтгэл хангагдаад явж байгаа аж. Жуулчдын мэдээллийг Иргэний харьяат шилжилт хөдөлгөөний газар бүртгэдэг байна.

Шинэ он гарангуут Улсын бүртгэл, Үндэсний статистик хоёр нэгдсэн. Иймээс хүн амын бүртгэлийн тулгалтыг хоёр талаас хийж, нийлүүлж буй аж. Үүгээр 3 сая 80 хэдэн мянган иргэний мэдээлэл бүртгэгдсэн ч 45 мянга орчим иргэний мэдээлэл таараагүй зөрсөн тул эдгээрийг тодруулахаар ажиллаж  байгаа юм байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Иргэний бүртгэлийн тухай хуулийг шинэчилснээр иргэний үнэмлэх дахин шинэчлэгдэх үү. Цахим гарын үсгийг шинэ үнэмлэхэд нэмж оруулж болох уу. Монгол Улсын иргэн нь төрсний гэрчилгээ, гадаад паспорт, гэрлэсний гэрчилгээ, гэрлэлтээ цуцлуулсны гэрчилгээ зэрэг маш олон гэрчилгээтэй, тэдгээр нь цүнхэнд багтахгүй шахам болдог. Иргэний үнэмлэхийг өөрчилсөн тохиолдолд тэдгээрийн мэдээллийг нэмж оруулан сайжруулж болох уу. Цахим гарын үсгийг хэрэгжүүлээд явбал хөрөнгө мөнгө хэмнэх бололцоотой. Цаашид ямар арга хэмжээ авах вэ гэлээ.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав: Бүртгэлийн хуулийг шинэчлэн баталснаар иргэний үнэмлэх солигдохгүй. Одоогоор 16 төрлийн мэдээлэл багтаж байгаа. Багтаамж байгаа. Цахим гарын үсгийн хууль гарсан, Тагнуулын ерөнхий газраас зөвшөөрөл өгсний дараа чипэнд оруулах ажил эхэлнэ гэсэн хариулт өгсөн юм.

УИХ-ын үдээс хойших хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр чуулганы энэ өдрийн хуралдааныг өндөрлүүллээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж