Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр /2016.04.29/ морин цагт Нийслэлийн Сонгуулийн хороонд Мөрийн хөтөлбөрөө хүргүүлэн, сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийллээ. Өчигдөр тус намынхан Аудитын байгууллагад хянуулсан Мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн билээ.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй мөрийн хөтөлбөрөө өгөх үедээ “Улаанбаатар хотыг МАН удирдаж байхдаа гэр хорооллын дахин төлөвлөлт, ногоон байгууламж, нийслэлийн авто замын сүлжээ, инженерийн байгууламжийн өргөтгөл шинэтгэл, агаарын бохирдлыг бууруулах зэрэг олон зөв ажлыг эхлүүлсэн нь өнөөдөр ч гэсэн үргэлжилж байна. Хэдий МАН 2012 оны сонгуулийн үр дүнгээр цөөнхийн байр сууринд шилжсэн ч өөрсдийн эхлүүлсэн хөгжлийн цогц бодлогыг сөрөг хүчний байр сууринаас дэмжиж, иргэдийнхээ өмнөөс хяналтаа тавьж ажиллалаа. Бид сонгуульд оролцохдоо иргэдээ аз жаргалтай, эрүүл, айх айдасгүй, амар тайван Улаанбаатарт амьдруулах зорилго тавьж байна.Зорилгодоо хүрэхийн тулд холыг харж, дундыг ширгээж, ойрыг хийх болно” гэжээ.
А.АЯЛГУУ