С.Зориг агсны гэргий Б.Булганыг баривчлан хорьсноос хойш бараг таван сар болж байгаа ч өнгөрсөн хугацаанд Б.Булганыг нар салхинд ч гаргалгүй эрхийг ноцтой зөрчиж байгаа тухай УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хөндөн тавьсан. Тэрбээр Төв аймаг дахь хорих ангид очиж, Б.Булгантай уулзахаар хүсэлт гаргасан ч багагүй бэрхшээлийг туулан байж уулзжээ. Уулзуулахгүй цааргалсан хариу өгөөгүй хэр нь удтал хүлээлгэсэн тул Ц.Оюунгэрэл гишүүн ядраад хөлөө жийгээд суухад хүрсэн тухайгаа олон нийтийн сүлжээний өөрийн аккаунтаар тараасан байсан. Харин эрхэм гишүүний хичээл зүтгэл үр дүнд хүрч Б.Булганыг Улаанбаатарын 461 дүгээр анги руу шилжүүлээд байгаа юм.
Ц.Оюунгэрэл гишүүний хувьд хүний эрхийн зөрчил бүр дээр чанга дуугарч ирсэн. Энэ нь өр зөөлөн эмэгтэй хүний зан чанараас гадна хүн өөрөө хохирсон үедээ л хүний эрхийг ярих биш бусдын өмнөөс ч дуугарах учиртайг харуулдаг. Тэрбээр хэдэн сарын өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
-Хүний эрхийн төлөө хэн ч дуугарахгүй байхаар, хүүш энэ чинь юу болоод байна вэ гэж хэлэхгүй байхаар АТГ-ын махны машин улам л томроод байна. Дуртай хүндээ дуртай хэрэг тохож эрүү үүсгэдэг болох нь. Төрийн төлөө барилга байшин барьсан, цогцолбор барьж байгуулсан хүн болгон АТГ-т шалгуулах юм бол энэ Монгол Улсын бүх сайд нар төсөв батлуулсныхаа төлөө, бүх компаниуд барилга барьсныхаа төлөө, бүх хүмүүс тэд нартай ах дүү байсныхаа төлөө шалгуулах нь. Монгол Улсад их хэлмэгдүүлэлт яаж явсан билээ. Одоо тэр үүд хаалга нээгдчихээд байна. Бид өөрсдийнхөө эрхийг хамгаалъя гэж бодож байгаа бол өнөөдрийн хохирогчдыг хамгаалах ёстой. Ирээдүйд үр хүүхдийнхээ эрхийг хамгаалъя гэж бодож байгаа бол бид айж ичихгүйгээр дуугарах ёстой хэмээн өгүүлж байжээ.
Д.ЦЭЭЛ