Олон нийтийн сүлжээ “Facebook” сайтыг үндэслэгч гүйцэтгэх захирал Марк Зукербергийн аюулгүй байдлыг хамгаалахад компани өнгөрсөн онд 4.25 сая ам.долларыг зарцуулжээ. Харин 2013-2015 оны хооронд Марк Зукербергийн албан тушаалаас үүдэлтэй тусгайлан гарч болзошгүй аюул заналхийллээс хамгаалахад 12.5 сая ам.долларыг зарцуулсан байв. Марк Зукербергийн хамгаалалтын багийг АНУ-ын ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хамгаалдаг Нууц албаны экс ажилтнууд хянадаг гэнэ. Компани Марк Зукербергийн гэрийн хамгаалалтын систем, бие хамгаалагчдыг цалинжуулдаг байна.
“Facebook” сайтын ашиг орлого жилээс жилд өсөхийн хэрээр Марк Зукерберг тэрбумтнуудын жагсаалтад байр ахисаар байна. “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээр Марк Зукерберг дэлхийн баячуудын наймд нэрлэгджээ. Түүний хөрөнгийн хэмжээ 47 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хамгаалагчдын жилийн цалин багадаа 80 мянган ам.доллар байдаг хэмээн “Insite Security” компанийн захирал Кристофер Фолкенберг ярьжээ.
Европын нийслэлүүд болон АНУ-ын Сан-Бернандино хотод гарсан террорист халдлагын дараа дэлхийн корпорациуд хамгаалалтаа чангатгах болсон байна. Үүний зэрэгцээ “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн зэвсэгт дайчид “Facebook”-ийн захирал Марк Зукерберг болон Твиттер сүлжээг үндэслэгч Жэк Дорсей нарыг заналхийлсэн юм. Хэт даврагчдын цахим хаягийг хааснаас үүдэн тэднийг заналхийлсэн байв.
Эх сурвалж: Bloomberg
Б.АНХТУЯА