Үндэсний бичиг соёлын өдрийг 12 дахь удаагаа тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2016.04.29-нд нийтлэгдсэн

Үндэсний бичиг соёлын өдрийг 12 дахь удаагаа тэмдэглэж байна

“Үндэсний бичиг үсгийн баяр”-ын нээлт өнөөдөр Үндэсний номын сангийн Их танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны зарлиг, Засгийн газрын 2004 оны 163 дугаар тогтоолоор энэ өдрийг жил болгоны тавдугаар сарын эхний Ням гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг болоод 12 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

Баярын өдрийг БСШУ-ы сайд Л.Гантөмөр нээлээ. Мөн энэ үеэр үндэсний бичиг үсгээ дээдлэн, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан хүмүүст олгодог “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” шагналын эздийг тодруулж, Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан”-ны шилдгүүдийг тодрууллаа.

“Эх хэл гэдэг бол ард түмний соёлын цөм байдаг. Тухайн орны ард түмний түүх, ёс заншил бүгд хэл бичигт шингэсэн байдаг. Хэлийг тэмдэглэж ирсэн бичиг үсэг гэдэг их чухал. Энэ баярын өдрөөр өвөг дээдсээсээ өвлөж ирсэн бичиг үсгийг сурталчилж таниулах нь өдөр юм” хэмээн МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн танхимын эрхлэгч Н.Баярсайхан тодотголоо.

Мөн энэ өдөр хэвлэлийн компаниуд өөрсдийн хэвлэсэн номын дээжээс, бас Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч Г.Мэнд-Ооёо ном Үндэсний төв номын санд номын хандив өргөлөө. “Анх 1991 онд миний тэргүүлж байсан Соёлын сангаас “Бичиг соёлын хишиг өдөр” гэж санаачилж байсан түүхтэй. Хэдэн жилийн дараагаар Засгийн газраас дэмжиж, энэ өдрийг албан ёсоор тэмдэглэдэг болсон. Санаачлагчийн хувьд “Соёл яруу найргийн академи”-аас сүүлийн 10 жилд үндэсний уран зохиолын бүтээлийг гадаад хэл дээр орчуулж хөрвүүлэх төслийн хүрээнд монгол, англи, франц, япон, хятад, швед зэрэг олон хэл дээр орчуулсан 54 нэр төрлийн 100 ширхэг номыг Үндэсний номын санд хүлээлгэн өглөө” хэмээн Г.Мэнд-Ооёо хэллээ.

“Үндэсний бичиг үсгийн баяр”-т оролцохоор ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутан цөөнгүй иржээ. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас ирсэн 10 дугаар ангийн сурагч Б.Долгормаа энэ баярт анх удаагаа оролцож байгаагаа хэлээд “Үндэсний бичиг соёлын баярын үзэсгэлэнг сонирхлоо. Энэ баярыг манай аймгийн сургуулиуд мөн тэмдэглэдэг. Монгол бичгийг илүү анхаарч байгаад баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


“Монголын нууц товчоо”-г торгон дээр урлажээ

“Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч”шагнал хүртсэн Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул иргэн Т.Сумъяатай ярилцлаа.

Шагнал авсан баяр хүргэе. Бүтээлээ танилцуулахгүй юу?

-Манай гэр бүл “Монголын нууц товчоо”-г 180 метр урттай торгон дээр гар аргаар оёж, урласан юм. Үүнийг маань төр засгаас үнэлж шагнал гардуулж байгаад баяртай байна.

-Бүтээлээ урлахад хэр хугацаа шаардсан бэ.

-Бүтээлээ хоёр жил гаруй хугацаанд урлалаа. Ажлын цагт шилжүүлбэл таван жилийн хөдөлмөр болно. Анхны санааг миний хань зохиолч Б.Энхбат санаачилсан. Ном зохиолыг дээдлэдэг олон сайхан найз нөхөд тусалсан. Миний охин Э.Гоомарал МУИС-ийн монгол хэл, бичгийн ангийг төгссөн. Охин маань надад тусалсан. Номонд Монголын нууц товчоог эх хувилбараар нь оруулахаас гадна 63 төрлийн уран зураг орсон. Түүний нэг зургийн зураач Ж.Дүүрэнтөгс зурсан. Бусдыг нь бурханч лам Г.Пүрэвбат зурж өгсөн юм. Тухайн үеийн аж амьдралын харуулсан зээгт наамал байгаа. Мөн миний номын хайрцгийг “Хан талст” компанийнхан хийж өгсөн.

-Номын хайрцаг их өвөрмөц гэж дуулсан?

-Яст мэлхий хэлбэртэй модон саванд хадгалж байгаа. Монголчууд эртнээс яст мэлхийг элбэг баян урт удаан наслахын бэлгэдэл гэж үздэг байсан. Үүнийг бэлгэдэж монгол түмэндээ он удаан жил өвлөгдөх бүтээл болоосой хэмээн санасан гэсэн юм.

А.ЦЭЭСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж