Хятадын дарга Си Жинпин Солонгосын хойгт дайн эсвэл үймээн самуун дэгдэхийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Азийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр мэдэгджээ. Тэрбээр бүх тал өдөөн хатгалгаас зайлсхийж, цэргийн сургуулилалтыг хязгаарлаж, яриа хэлцлийн замаар цөмийн аюулыг намжаахыг уриалсан байна. Мөн Өмнөд Хятадын тэнгист үйл ажиллагаа явуулах ашиг сонирхол, эрхээ хамгаалж, тогтвортой байдал, энх тайвныг хадгалахын төлөө аливаа маргааныг яриа хэлцлийн замаар нөхөрсгөөр шийдэх хүсэлтээ илэрхийлжээ.
Түүний Солонгосын хойгийн тухай мэдэгдэл АНУ Солонгосын хойгт пуужингийн довтолгооноос хамгаалах (THAAD) системийг байрлуулахын эсрэг сануулга хэмээн “Өрнө Дорно” институтын дэд ерөнхийлөгч Дэвид Файрштейн дүгнэжээ. АНУ нь Хойд Солонгосын баллистик пуужингийн аюул заналхийллийн эсрэг БНСУ-д (THAAD) системийг байршуулахаар яригдаж байгаа юм. Азийн орнуудын Гадаад хэргийн сайд нар цугласан хуралд Си Жинпин үг хэлсэн нь хүч чадлаа харуулах оролдлого байсан хэмээн улс төрийн зарим ажиглагч дүгнэжээ.
Солонгосын хойгийн асуудлаас гадна Зүүн болон Өмнөд Хятадын тэнгисийн маргаанаас үүдэн Бээжин болон хөрш орнуудын хооронд зөрчил үүсээд буй юм. Бээжин маргаантай тэнгист хяналтаа нэмэгдүүлэх тусам хөрш орнууд ялангуяа Япон улс цэргийн хүчин чадлыг өсгөх болсон билээ.
Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (CICA) Бээжинд Пүрэв гаригт /IV.28/ эхэлсэн юм. 26 орны гишүүнтэй уг бага хурал нь 1992 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Азийн аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой юм. Эх сурвалж: Xinhuanet, The Christians Science Monitor
Б.АНХТУЯА