Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх зөрчигдөж байна гэв

Хуучирсан мэдээ: 2016.04.29-нд нийтлэгдсэн

Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх зөрчигдөж байна гэв

Төрийн 100 хувийн өмчид байсан “Монгол шуудан” компанийн 34 хувийг энэ оны эхээр Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй худалдсан.

Энэхүү 34 хувийн хувьцааны 17.4 хувийг 3.3 тэрбум төгрөгөөр “Ард санхүүгийн нэгдэл” худалдаж авсан юм. Дотоодын амжилттай хийгдсэн IPO тооцогдож байсан “Монгол шуудан” ХК сүүлийн үед жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчиж эхэлсэн талаар “Ард санхүүгийн нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

“ТУЗ сонгогдохоос эхлээд будилаан үүссэн гэж бид үзэж байгаа. Компанийн сайн засаглал гэдэг асуудал бидний өдөр тутмын ярианд ороод ирсэн. Харамсалтай нь манай дарга нарын үг зөвхөн үг чигээрээ үлдсэнд би гомдолтой байна. Учир нь, ТУЗ-ийн хараат бус гишүүдээ нээлттэй нэр дэвшүүлж сонгоё гэхэд Сангийн яамнаас нэр дэвшигчдийг үл тоож, өмнө нь ажиллаж байсан танилуудаа томилсон. Өнөөдөр Ж.Оюунгэрэл, Ч.Ганхуяг гэдэг хүмүүс 34 хувиа төлөөлөөд, Гацууртын Л.Чинбат гэдэг хүн хараат бус гишүүн болсон. Гэхдээ анзаарвал ТУЗ-ийн есөн гишүүний зургааг төрөөс томилсон байна. Цаашаа ажлаа хийгээд явъя гэхэд бүх асуудал дээр Сангийн сайдын удирдамж барьж орж ирдэг. Энэ удирдамжийн дагуу шийдвэрээ гаргана гэдэг. Компанийн үйл ажиллагааг яаман дээрээ сууж байгаа сайд ажилтныхаа зааврын дагуу удирдамж батлаад тэр удирдамжийнх нь дагуу ТУЗ дүр эсгэсэн байдлаар хуралдах болсон. Төрд нийт хувьцааны 66 хувь байгаа. Тийм байхад 51 хувийн босгоор шийдвэр гаргах утгагүй. Бидний зүгээс 75 хувийн босгоор шийдвэрээ гаргадаг болгоё гэсэн санал гаргаж байна. Бид Сангийн сайд Б.Болор, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт энэ асуудлаар захидал бичсэн. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг ингэж зөрчиж байгааг нь болиулъя” гэсэн юм.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж