​​​​​​​Цэцийн шийдвэрийг эсэргүүцэн төв талбайд жагсч байна

Хуучирсан мэдээ: 2016.04.29-нд нийтлэгдсэн

​​​​​​​Цэцийн шийдвэрийг эсэргүүцэн төв талбайд жагсч байна

МАХН, ИЗНН-ын гишүүн, дэмжигчид яг одоо Чингисийн талбайд Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлаас гаргасан дүгнэлтийг эсэргүүцэн тайван жагсаал хийж байна. Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн Баасан гаригт дунд суудлын хуралдаанаа хийж, УИХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “… 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар …” гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэн, хүчингүй болгосон билээ. Энэ шийдвэрийг МАХН, ИЗНН “улстөржсөн дүгнэлт” гэж үзэж байгаагаа ийнхүү илэрхийлж байна.

Үндсэн хуулийн Цэц дөрвөн жилийн өмнө буюу 2012 онд яг дээрх асуудалд иргэн Н.Ариунболдын гомдлыг хүлээж аваад Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан. Мөн л Сонгуулийн тухай хуульд тусгагдсан намын жагсаалтаар УИХ-д сонгогдох буюу пропорциональ тогтолцоо нь Үндсэн хууль зөрчсөн гэж энэ оны өнгөрөгч нэгдүгээр сард иргэн Г.Баярсайхан Цэцэд гомдол гаргахад, хүлээж аваагүй. Гэтэл 2016 оны сонгууль болоход 60 хоног дутуу, сонгуулийн өдөр тулсан байхад ҮХЦ-ийн дунд суудал өмнө гаргасан шийдвэрээ үгүйсгэж, Монгол Улсын улс төрд халтай шийдвэр гаргасан хэмээн МАХН, ИЗНН-ынхан эсэргүүцэж байна.

Өнгөрсөн 2012 оны сонгуулиар намын жагсаалтаар МАХН-аас долоон гишүүн, ИЗНН-аас хоёр гишүүн УИХ-д суужээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж