Иргэний харьяаллын тухай хуулийн төслийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2016.04.29-нд нийтлэгдсэн

Иргэний харьяаллын тухай хуулийн төслийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн төслийг /шинэчилсэн найруулга/ хэлэлцээд гишүүдийн 88.1 хувь нь дэмжсэнээр “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Дээрх хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан юм.

Хуулийн төслийг хэлэлцэх шатанд нэр бүхий гишүүдийн зүгээс энэ хуулиар яг юуг зохицуулах гээд байгаа, хөх үнэмлэх ямар учиртай талаар тодруулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Хөх үнэмлэх гурван цогц асуудлыг шийднэ. Нэгдүгээрт, Монгол Улсад шаардлагатай нарийн мэргэжлийн хүмүүст ажиллаж амьдрах бололцоо олгох, хоёрдугаарт, үндэс угсаа нэгтэй хүмүүст чөлөөтэй зорчих аялах боломж олгох. Гуравдугаарт, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихэд оршино” гэлээ. Тухайлбал, таван жилийн хугацаатай хөх үнэмлэх авбал сурч боловсрох ажиллах эрхийг нээж өгч болохоос биш Монгол Улсын иргэний нэгэн адил эрх эдлэхгүй аж. Нөгөө талдаа хөх карт авсан иргэнд төрийн албанд ажиллахгүй байх шаардлага тавина. Олон улсад ийм жишиг мөрддөг тул үүнийг нь мөн ашиглажээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Хөх үнэмлэхийг одоо байгаа төслөөр гадаадаас ирэх хүнд олгохоор зөвшөөрөх нь өрөөсгөл. Харин Монгол хүн иргэншлээсээ гарчихаад буцаж ирэхэд хөх үнэмлэх оруулж ирэх бол дэмжинэ. Ер нь энэ асуудлыг хэлэлцэхдээ байнгын хороод болон чуулганы хуралдааныг хаалттай явуулах ёстой. Давхар иргэншлийг дааж чаддаг орон хэрэгжүүлдэг болохоос дааж чадахгүй орон хэрэглэвэл газрын зураг өөрчлөгддөг. Газар нутгийнхаа халдашгүй бүрэн бүтэн байдлыг давхар ярих ёстой. Маш нухацтай хаалттай хэлэлцээд явах ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “250 мянган монгол гадаадад амьдарч байна.Гадагшаа урсаж байгаа тархины урсгал, оюунлаг иргэдээ авчирахын тулд энэ хуулийг гаргахыг дэмжинэ. Хөх үнэмлэхийг зөвхөн Монголын төлөө ажиллаж, амьдардаг хүмүүст өгөх хэрэгтэй ” гэлээ.

Дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэний дараа Иргэний улсын бүртгэлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч төслийг танилцуулах Засгийн газрын гишүүн байхгүйгээс чуулганы хуралдааныг завсарлууллаа.

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж