Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон 2016 оны дөрөвдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын аюулгүй байдлын Москвагийн 5 дугаар бага хуралд оролцож, “Бүс нутгийн аюулгүй байдал, Монгол Улсын цэргийн хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавив.
Олон улсын аюулгүй байдал, түүний дотор даян дэлхийн аюулгүй байдалд нөлөөлж байгаа гол хүчин зүйлс, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, аюулгүй болгох чиглэлээрх хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр дэлхийн 80 гаруй орон, олон улсын 10 байгууллагын нийт 600 гаруй төлөөлөгчид Москва хотноо чуулж байна.
Энэ бага хуралд 20 улсын Батлан хамгаалахын сайд, үүнээс гурван улсын Ерөнхий сайдын орлогч, 17 улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын дэд сайд нар оролцож байна.
Бага хурлын явцад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.К.Шойгутай уулзаж, хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар санал солилцов. Уулзалтад Монгол улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, цэргийн атташе, бригадын генерал Г.Энхбаатар нар байлцав.
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонг дагалдан Батлан хамгаалах яамны Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Г.Сайханбаяр, Гадаад хамтын ажиллагааны газрын зөвлөх Г.Лүндэн нар Москва хотноо ажиллаж байна.