Дүүргийн засаг дарга нар газар олгохоос татгалзжээ
Төслийн хөрөнгийн хамгийн бага хувийг эзэлж буй Хот орчмын бэлчээрийн төсөл нь малчдад бэлчээрийн газрыг нь түрээсээр эзэмшүүлж тэдгээрийг орлогыг нэмэгдүүлэн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой. Үүнд нийтдээ 11.5 сая ам.доллар зарцуулах төлөвлөгөөтэй. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Хархорин гэсэн зургаан хот орчмын 465 малчдын бүлэгт бэлчээрийн газрын удаан хугацааны гэрээгээр ашиглуулах боломжийг бүрдүүлж, тэдэнд малын байр, гүний худаг гаргаж өгөхөд нь тусална. Одоогийн байдлаар 234 малчдын бүлэгтэй бэлчээрийн газар түрээсээр эзэмшүүлэх гэрээ байгуулж, худаг барьж өгөх ажил эхэлжээ. Нэг малчин өрхөд 15 мянган ам.доллар зарцуулж буй бөгөөд үүний 12 мянгыг нь худаг гаргахад, үлдсэнийг нь хашаа хорооны материал авч өгөх, малын ногоон тэжээлийн үрээр хангахад зориулж байгаа аж. Харин өнгөрсөн сараас эхэлсэн дизель түлшний хангамж доголдсон нь худаг гаргах ажилд саатал учруулсан байна. Малчидтай байгуулсан бэлчээр ашиглах гэрээг орон нутгийн засаг даргатай хийсэн бөгөөд энэ нь 15 жилийн хугацаатай юм байна. Мөн цаашид гэрээ 60 хүртэлх жилээр сунгагдах боломжтой гэнэ. Малчид Газрын тухай хуулийн 52,2 болон 52,4 дүгээр заалтыг үндэслэн гэрээгээр эзэмшсэн талбайнхаа бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй байх үүрэг хүлээж байгаа бол орон нутгийн засаг дарга уг хэсэгт гадны айл буулгахгүй, ашиглалтын болон хайгуулын лиценз олгохгүй, отрын мал оруулахгүй гэх мэт үүрэг хүлээжээ.
Төслийн ажил худаг гаргах ажил түр саатсанаас гадна Улаанбаатар хот орчмын бэлчээрийг малчдад түрээсээр эзэмшүүлэх ажил гацаанд оржээ. Учир нь хот орчмын 34 бүлэг бүх шалгуурыг давж төсөлд хамрагдахад бэлэн болсон ч бэлчээрийн газар түрээсээр эзэмшихэд нь асуудал үүссэн байна. Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүргийн засаг дарга нар малчдад бэлчээрийн зориулалттай газар гэрээгээр эзэмшүүлэхээс татгалзжээ. Малчид энэ талаар хотын засаг дарга дээр орж уулзахад гэрээ хийх үүрэг өгсөн хэдий ч дүүргийн засаг дарга нар том толгой гаргаж гэрээ хийхээс татгалзаж байгаа гэнэ. Аргаа барсан малчид ерөнхий сайд дээр хүртэл орж уулзсан байна. Монгол Улсад бэлчээрийн газрыг эзэмшүүлэх хууль эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй учир Мянганы сорилтын сангийнхан ямар нэгэн нөлөө үзүүлэх боломжгүй байгаагаа учирласан. Уг нь бэлчээрийн газрыг эзэмшүүлэх хуулийн төсөл УИХ-аар батлуулахаар өргөн барьсан хэдий ч одоо хүртэл батлагдахгүй байгаа юм байна. Харин Багануур, Багахангай дүүргийн дүүргийн засаг дарга нар төсөлд хамрагдсан малчин бүлэгтэй бэлчээрийн газар түрээслүүлэх гэрээ байгуулжээ.
Улаанбаатарын агаарын бохирдлыг 47,2 сая ам.доллараар бууруулна
Мянганы сорилтын корпорациас Монгол Улсад хэрэгжүүлж буй төслийн дийлэнх хувийг төмөр замын төсөлд зориулах байсан. Харин уг төсөл хэрэгжихээ больсноор түүнд зарцуулахаар төлөвлөсөн хөрөнгийг цэвэр агаар болон авто замын төсөлд зориулах болсон юм. Цэвэр аграар төсөлд 47,2 сая ам.доллар зарцуулах бөгөөд агаарын бохирдлыг бууруулах хэд хэдэн ажлыг төлөвлөжээ. Эдгээрийн нэг нь эрчим хүчний хэмнэлттэй, хорт утаа 80 хувь бууруулах боломжтой турк технологийн пийшин юм. Пийшинг одоогийн байдлаар Чингэлтэй дүүргийн дөрвөн хороонд худалдаж байгаа бөгөөд үнийн дүнгийн 75 хүртэлх хувийг төслөөс хөнгөлж байна. Тэгэхээр хэрэглэгчид очих үнэ нь хамгийн доод тал нь 80 орчим мянган төгрөг ажээ. Улаанбаатар хотод гэр хорооллын 170 мянган өрх байдгийн 80 мянгад нь зориулж дээрх пийшинг үйлдвэрлэх юм байна. Ирэх аравдугаар сар гэхэд дээрх пийшинг борлуулах цэгийг таван дүүргийн 48 хороонд өргөжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн төслийн хүрээнд Улаанбаатар хотын Салхит ууланд баригдах сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт татаас төлнө. “Ми-Ком” групп Монголд анх удаа дээрх эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулах гэж буй бөгөөд 50 мгвт-ын хүчин чадалтай байх гэнэ. Үүнээс гарах эрчим хүч квт/цаг нь 9,5 центийн өртөгтэй байх ба одоогийн мөрдөж байгаа тариф долоон цент. Тиймээс үнийн зөрүү болох 2,5 центийг татаас болгон өгөх ба татаас 2013 оны есдүгээр сарын 13-ныг хүртэл үргэлжлэх гэнэ. Цэвэр агаар төсөл Налайх-Улаанбаатарын чиглэлийн 24 км шилэн кабель тавьж, диспетчер бэлтгэх сургалтын төвийн тоног төхөөрөмж, программ хангамжийг бэлтгэхэд хөрөнгө оруулалт хийх гэнэ.