Гадаадын 7000 гаруй байгууллагын эрхийг хязгаарлав

Хуучирсан мэдээ: 2016.04.29-нд нийтлэгдсэн

Гадаадын 7000 гаруй байгууллагын эрхийг хязгаарлав

Хятадын нийгмийг Барууны нөлөөллөөс хамгаалах, хяналтыг сайжруулахад чиглэсэн маш том алхмыг дарга Си Жинпин Пүрэв гаригт /IV.28/ хийлээ. Ирэх оноос хэрэгжих хуулинд гадаадын байгууллага, тэдний орон нутгийн харилцагч нар хууль хяналтынхны тусгай зөвшөөрлөөр  Хятадад үйл ажиллагаа явуулах болжээ. Энэ нь Хятадад үйл ажиллагаа явуулж буй гадаадын 7000 гаруй байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж, эрхийг нь хязгаарлах гэнэ. Хятад дахь гадаадын байгууллагууд голдуу байгаль орчин, хүмүүнлэг, соёлын солилцоо, боловсрол, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Ихэвчлэн Тайвань, Хонгконг, Макаод бүртгэлтэй байдаг аж. Ялангуяа ажилчдын эрх, үндэстний эрх тэгш байдал, шашны эрх чөлөөг сурталчлагч байгууллагууд тусгай зөвшөөрөл авах боломжгүй болж байна.

Хуулийн дагуу Хятадын хууль хяналтынхан гадаадын байгууллагын үйл ажиллагаанд хатуу хяналт тавихын зэрэгцээ ажилчдыг нь хэзээ ч хамаагүй саатуулан байцаах эрхтэй болжээ.

Хятадад үйл ажиллагаа явуулдаг эдгээр байгууллагууд хар жагсаалтын дээгүүрт бичигдсэн гэнэ.

  • Америкийн Форд сан нь Хятадад 1988 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, цагаач ажилчдын эрхийг дэмждэг байна.

  • Зүүн Азийн Грийнпийс байгууллага нь уур амьсгалын өөрчлөлт, бохирдол зэргийн эсрэг Хятадад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж.

  • Олон улсын бодлогын Циньхуа төв /Carnegie / оюутан солилцоог сурталчилж, хурал цуглаан, лекц семинар зохион байгуулдаг бөгөөд АНУ, Хятадын гадаад бодлогод анхаарал хандуулдаг байна.

  • Их Британид байгуулагдсан Хүүхдийг ивээх сан нь хүүхдийн эрүүл мэнд, боловсролыг дэмжиж, хүний наймааны золиос болохоос хамгаалахыг зорьсон үйл ажиллагаа явуулдаг.

  • Францын гэр бүлийн хосын санаачилсан Бетхел сан нь Хонгконгод бүртгэлтэй. 2003 оноос Хятадын харааны бэрхшээлтэй өнчин хүүхдүүдийг асарч халамжлах үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Хонгконгийн ардчиллын шүхэрт хөдөлгөөн, Түвдийн салан тусгаарлах бослого тэмцэл зэрэгт Хятадын эрх баригчид онцгой анхаарал тавьж байгаа аж. Барууны орнууд хүний эрхийн төлөө гэх мэт иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан Хятадын нийгэмд Мао Зедуны тодорхойлсноор “тайван хувьсгал” хийхийг зорьдог хэмээн Бээжингийн албаныхан буруутгадаг байна.

Эх сурвалж: The NewYork Times

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж