Цэцийн дүгнэлтийг үдээс хойш хэлэлцэж магадгүй

Хуучирсан мэдээ: 2016.04.29-нд нийтлэгдсэн

Цэцийн дүгнэлтийг үдээс хойш хэлэлцэж магадгүй

Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн Баасан гаригт /2016.04.22/ гаргасан. Энэхүү дүгнэлтээр шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуульд заасан намын жагсаалтаар УИХ-д сонгогдох боломж үгүй болж байгаа юм.

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг Мягмар гаригт /2016.04.26/ хуралдсан Төрийн байгуулалтын болон Хууль зүйн Байнгын хороод хүлээж авах нь зүйтэй гэсэн шийдийг гаргасан. Байнгын хороодын дэмжсэн саналыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх учиртай. Лхагва гаригт /2016.04.27/ нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх гэсэн боловч “Шударга ёс” бүлэг энэм асуудлаар завсарлага аваад байгаа юм.

Өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Цэцийн дүгнэлтийг яаралтай хэлэлцэх хүсэлтэй байгаагаа гишүүд хэлсэн юм. Тухайлбал, Л.Цог гишүүн сонгууль дөхсөн энэ үед цэцийн дүгнэлтийг яаралтай хэлэлцэхгүй бол сонгуулийн бэлтгэл ажил замбараагүй болох нь гэсэн юм. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэх талаар гишүүдээс горимын санал хураах хүсэлтэй байна гэлээ.

Мөн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт эвслийн бүлэг завсарлагаа хурдан дуусгахгүй бол Үндсэн хуулийн Цэцийг хэлэлцэж амжихгүй боллоо гэсэн.

Харин З.Баянсэлэнгэ гишүүн “Бид сонгуулийн өмнө хүндрэлтэй байдал үүсгэх гээгүй. Хуулийнхаа дагуу завсарлага авсан. Хэрэв өнөөдөр УИХ-д горимын санал хураана гэвэл хуулиа зөрчөөд л явах болох нь. Үндсэн хууль хоёр өөр шийдвэр гаргачихаад байхад үүнийг нь хурдан хэлэлцье гээд байгаа бол хууль бус болно. Тэгэхээр Н.Батцэрэг даргыг МҮАН-ын бүлгээ хуралдтал завсарлагаа хойшлуулж өгөөч ээ гэсэн хүсэлт тавьж байна” гэсэн.

УИХ-ын дарга “З.Энхболд МҮАН-д 14.00 цаг хүртэл завсарлага өгье. Энэ хооронд бүлгээ хуралдуулаад ороод ирэг. Үдээс хойш Цэцийн дүгнэлтээ хэлэлцээд явъя” гэлээ.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж