“Монголд бахархалтайгаар үйлдвэрлэв” | News.MN

“Монголд бахархалтайгаар үйлдвэрлэв”

Хуучирсан мэдээ: 2016.04.29-нд нийтлэгдсэн

“Монголд бахархалтайгаар үйлдвэрлэв”

Үйл ажиллагаагаа эхлээд удаагүй шинэхэн дэлгүүрийг энэ удаагийн фэйшн буландаа танилцуулж байна. Энэ бол Монголдоо анхны сэдэвчилсэн буюу Concept Store болох “Gumuda” юм. “Хүүхдийн 100” дахь Christian Dior-ийн В1 давхарт байрлаж буй тус  дэлгүүрийн үүсгэн байгуулагчдын нэг болох Н.Хулантай шинэ дэлгүүрийнх нь талаар болоод Монголын загвар, үндэсний үйлдвэрлэлийн талаар цөөн хором ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.

-Concept Store гэдэг үг манай уншигчдад шинэлэг сонсогдож байгаа болов уу? Тэгэхээр энэ нь яг юу болох талаар яриагаа эхэлье.

-Ерөнхийдөө Concept Store гэдэг нь Европт сүүлийн хэдэн жил их дэлгэрээд байгаа дэлгүүрийн шинэ өнгө төрх байгаа юм. Монголд дэлгүүр гэдэг  нэг бол хувцасны, нэг бол тавилгын, хүнсний, номны, аль эсвэл электрон бараа гээд нэг төрлийн зүйлсээр дагнасан зүйлсийг борлуулдаг. Харин Concept Store бол  нэг тухайлсан сэдэв сонгоод, яг тэр сэдвээ хамарсан бүх зүйлсийг нэг дор байлгаж болдгоороо онцлогтой.

– Concept store байгуулах шийдвэрийг яагаад гаргасан бэ?

-Монголд үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийг ер нь бол мэднэ. Гэхдээ, дэлгүүрийн хэмжээнд бүр илүү судлаад эхлэхээр зөвхөн fashion-ээс гадна зөндөө олон төрлийн зүйлс байгаа юм л даа. Жишээ нь, нанотехнологиор хийсэн цэвэрлэгч , iPhone-ий цэнэглэгч, цаг, гоо сайхны бараа гээд манайхан зөндөө олон төрлийн зүйл хийгээд байгаа юм. Тэр бүгдийг нэг дор болгочихмоор санагдаад, нэгэнт л хүссэн сонирхсоноо хийж байгаа юм чинь заавал хувцсаар дагнаж яах юм гэж бодсоны үндсэн дээр fashion boutique биш Concept Store нээхээр шийдсэн. Н.Оргил, Н.Сансархүү гэх хоёр ахын хамтаар дэлгүүрээ үүсгэн байгуулсан. Миний хөтөлж байсан фэйшн блогийг бизнес санаа болгон харж чадсан хүн нь Н.Оргил юм. Тэгээд найз Н.Сансархүүтэй хамтарч хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж өгсөн. Одоогоор би зохион байгуулалт, өдөр тутмын маркетингийн ажлыг даан ажиллаж, хоёр ах маань бизнесийн арыг сайн дааж байна.

-Дэлгүүрийнхээ өнгө төрх, үйл ажиллагааг тодорхойлоход баримталдаг сэдэв чиг хандлага нь юу вэ?

-Баримталдаг чиг хандлага байлгүй яахав. Тэр маань “Монголд бахархалтайгаар үйлдвэрлэв” хэмээх сэдвийн дор, үүн дээрээ нэмээд орчин үеийн Монголын загвартай хослуулах. Ер нь бол үндэсний Монгол загварын дагуу хийгдсэн хувцас бол зөндөө байдаг. Манай гол ялгаа бол орчин үеийн Монголын загваруудыг харуулахыг зорьж байгаа. Дэлгүүрт маань дээл байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ ерөнхий гол чиглэл бол орчин үеийн Монгол загвар шийдлийг илэрхийлсэн юу ч байж болно гэж ойлгож болно.

-Gumuda Conception Store-т одоогийн байдлаар нийт хэдэн дизайнерийн бүтээлүүд худалдаалагдаж байна вэ?

-Одоо бол яг 25 байна. Ер нь өдөр болгон л бараа маань шинээр нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс дэлгүүрийнхээ гол зорилгыг Монголыг илэрхийлэх брэнд болж чадсан, тогтмол үйл ажиллагаа явуулдаг, нийлүүлэлтийг хангаж чадах брэндүүдтэй хамтарч ажиллахаар болгосон. Хувь хүнтэй төдийлөн хамтрахгүй байгаа. Гэхдээ ганц хоёроор тоологдох түншүүд бол бий. 

-Хүмүүс ямар төрлийн барааг хамгийн их сонирхож худалдан авч байна вэ?

-Манайхан цүнхийг хамгийн их сонирхож байна. Хонхны баярын үе дөхөж байгаа болохоор дээл их сонирхож байна. Анзаараад байхад манай монголчууд энгийн даруухан загвартай юманд их дуртай юм шиг санагдсан. Хар өнгөнд бас их дуртай юм байна лээ. Гэхдээ л хүний сонголт бол янз бүрийн л байна даа.

-Залуу хүний хувьд шинэ ажил эхлүүлээд хэрэгжүүлээд явахад тулгарч байгаа хамгийн том бэрхшээл юу вэ?

-/Бодов/ Хамгийн азтай нь одоогоор тийм айхтар бэрхшээл тохиолдоогүй  байна л даа. Их азтай байгаа, сайн байгаа. Эхлээд 10 хонож байгаа гэхэд хүмүүст гайгүй хүрч байгаа. Манайхны дунд борлуулж байгаа барааны үнэ дээр маань асуудал үүсдэг байж магадгүй. Зарим дизайнерийн ганцхан хувь бүтсэн хувцсыг ямар үнэтэй юм бэ гэх тохиолдол байдаг. Түүнийг шууд бэрхшээл гэж хэлэхэд хэцүү л юм л даа. Гэхдээ ийм төрлийн буруу ойлголтууд манайханд түгээмэл ажиглагддаг.

Та ямар мэргэжилтэй вэ?

-Би сэтгүүлч мэргэжилтэй, сэтгүүлч хүн

-Анх UBS Music хөгжмийн сувгийг хөтөлдөг байсан, дараа нь UBS Music сувгаар загварын нэвтрүүлэг бэлдэж эхэлсэн. Харин одоо нэгэнт загварын салбар луу орчих шиг боллоо. Ажил мэргэжлийнхээ талбарыг суралцаж эзэмшсэн мэргэжлээсээ өөр чиглэл рүү хандуулж байгаагийн гол шалтгаан нь цэвэр өөрийн тань хобби сонирхлоос болсон гэж ойлгож болох уу?

-Тийм, гэхдээ миний сонирхол сэтгүүлч болохоосоо ч өмнө хувцас загвар байсан. Гэхдээ би зурж чаддаггүй, оёж чаддаггүй. Аль алиныг нь сурах гэж хичээсэн ч гэсэн сайн үр дүнд хүрээгүй. Яалт ч үгүй, миний сэтгэл зүрх fashion-тэй холбоотой байсан. Сэтгүүлч мэргэжлээрээ суралцаж төгсөөд, мэргэжлээрээ UBS Music телевиздээ гурван жил ажилласан. Тэр хугацаанд хөгжмийн хажуугаар өөрийн сонирхолдоо хөтлөгдөж хальж явсаар байгаад одооны энэ үедээ хүрч ирсэн. Хэдийгээр цаашид  дизайнер болохгүй ч гэлээ, карьерийн шилжилт хийж, фэйшн маркетинг тал дээр суралцах төлөвлөгөө бол байна.

-Танай дэлгүүрээр зочилсноороо байдаг гэдгийг нь мэддэггүй байсан маш олон брэндүүдийг анзаарч харж байна. Тэгэхээр Gumuda дэлгүүр нь нөгөө талаараа хүмүүст Монголд үйлдвэрлэсэн шинэлэг загварлаг бүтээгдэхүүнүүдийн талаарх мэдээллийг таниулж хуваалцаж байгаа юм байна шүү дээ?

-Тийм шүү. Энэ бол ганц манай дэлгүүр биш бас дизайнеруудын маань промо болж өгж байгаа юм л даа

-Ер нь Монголын промо гэмээр

-Монголын загварын промо болох гэж үзэж байгаа. Ер нь одоо гадаадын жуулчид ирэхэд ч гэсэн нэг дор төвлөрүүлчихсэн байхад давуу тал ихтэй. Gumuda гэдэг дэлгүүрээс илүү Gumuda-д байгаа “Michel&Amazonka”, Gumuda-д байгаа “Урангоо Идэр” гэж дизайнеруудаа танилцуулах жишээний. Орж ирсэн хүмүүст ч гэсэн энэ брэнд үүгээрээ онцлог, энэ бол ийм дизайнер, ийм үйлдвэр гэх мэтээр тодорхой хэмжээний ойлголттой гаргахыг хичээдэг.

-Дэлгүүрийнхээ нэг хэсгийн хүнсний чиглэлийн тасаг болгон тохижуулсан байна л даа. Энд ямар зорилгоор эдгээр бараанууд өрөөтэй байдаг юм бол?

-Энд одоохондоо бид кофе, цай, жигнэмэг, гич зэрэг зүйлсийг бэлэн байлгадаг. Энэ нь Concept Store буюу сэдэвчилсэн дэлгүүр гэдэг утгаараа хажуудаа жижиг кафетэй байх зорилгоор байгуулсан хэсэг байгаа юм. Том том дэлгүүрүүд бол хажуудаа жижиг кофе шопуудтай байдаг шүү дээ. Fashion boutique-үүдэд бол нээх байдаггүй. Манайх бол найзуудаараа кофе цай уунгаа ярилцах, аль эсвэл эхнэр найз охидууд нь шоппинг хийж байгаа үед нөхрүүд нь тухтай хүлээх зориулалтаар кафегаа байгуулсан. Удахгүй кафе маань үйлчлүүлэгчиддээ бялуу зэрэг зүйлсээр үйлчилж эхэлдэг болох гэж байна.

-Дэлгүүрийн ойрын хугацааны зорилго юу вэ?

-Ойрын хугацаанд аль болох олон брэндүүдийн барааг дэлгүүртээ шинээр нэмэх, фэйшн-тэй холбоотой жижиг арга хэмжээнүүд, DIY  (Do It Yourself) буюу аливаа зүйлийг өөрийн гараар хэрхэн хийдэг вэ гэх мэт арга хэмжээнүүдийг ойр ойрхон хямд үнэтэйгээр зохион байгуулвал хүмүүст илүү сонирхолтой гэж бодож байна. Ер нь fashion event-үүд загварын мэдлэг олгосон event-үүд гэхээр шал өөр бизнесийн, санхүүгийн талын болоод явчихдаг. Тийм болохоор цэвэр фэйшн талруу чиглэсэн event-үүдийг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа.

-Одоогийн байдлаар Gumuda дэлгүүрт байрлуулъя гэж бодсон брэндүүдийхээ хэдэн хувийг байрлуулж чадаад байна вэ?

-100% гэж хэлж болно. Бид нар ер нь бол бүгдийг нь нэг дор цуглуулж чадна гэж бодоогүй. Гэхдээ бас цуглуулна гэж төлөвлөж байсан ганц хоёр дизайнеруудаа авч чадаагүй л дээ. Тэгэхээр 95%-тай гэж хэлэх нь зөв байх аа.

-Түрүүнд цүнх хамгийн сайн зарагддаг гэж хэллээ. Гэтэл одоо дулааны улирал ирж байхад энд өрөөстэй байгаа эсгийгээр хийсэн цүнхний борлуулалт хамгийн сайн байна гэхээр их сонин санагдаж байна л даа. Эсгий гэхээр л монголчууд бол “зудны хэрэглээ” мэтээр хүлээж авах гээд байдаг тал байдаг шүү дээ. Гэтэл одоо бол ямар ч улирлаас хамаарахгүй эсгий цүнх барьж чадахаар болсон санагдлаа. Тэгэхээр энд зарагдаж байгаа цүнх хэдий эсгийнээс бүтсэн ч гэсэн хүмүүсийн сэтгэхүйг зөв тал руу нь задалж өгж байгаа юм шиг санагдлаа. Хүмүүсийн сэтгэхүйд гарч байгаа загварын чиг хандлага хаашаагаа яаж өөрчлагдөж байна гэж боддог вэ?

-Эсгий цүнхний хувьд өнгө загвар нь ийм гоё өнгөлөг загварлаг болохоор өвөл зунгүй барьж болохоос гадна ялангуяа зуны улиралд хамгийн сонирхолтой аксессуар болох байхгүй юу. Манайхны хувьд бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй дэмжээрэй л гээд байдаг. Энэ чинь хандив өгөхийг хэлээд байгаа зүйл биш шүү дээ. Үндэсний үйлдвэрлэлүүд гадныхаас илүү хямд үнээр илүү чанартай сонголт хийх боломжийг олгодог. Сайхан мэдээ гэвэл манайхан ер нь шүүгээгээ монгол хувцсаар дүүргэх сонирхол нилээн их болсон байна лээ. Зүгээр нэг bomber jacket авахын оронд “Michel&Amazonka”-ийн bomber jacket илүү юм аа гэх мэт зүйлсийг загварын түвшинд ойлгох нь ихэсч байгаа. Манай хамтран ажилладаг дизайнерууд бол ер нь нэг их тэгж тренд хөөгөөд, гадныхан шиг улирал улирлаа өөрчлөгдөөд байдаг дизайнерууд биш, яг л өөрийн гэсэн байнгын өнгө төрхтэй л дизайнерууд байдаг.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж