М.Энхсайхан: Би АН-ыг зөв болоосой гэж хүсч байна | News.MN

М.Энхсайхан: Би АН-ыг зөв болоосой гэж хүсч байна

Хуучирсан мэдээ: 2016.04.29-нд нийтлэгдсэн

М.Энхсайхан: Би АН-ыг зөв болоосой гэж хүсч байна

МҮАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, энэ удаагийн сонгуульд орохгүй гэдгээ зарлалаа. Гэхдээ АН-ыг дэмжиж ажиллах шийд гаргажээ. Энэ талаар МҮАН-ын дарга М.Энхсайханаас цөөн асуултад хариулт авлаа.

-Танай нам сонгуульд оролцохгүй гэдгээ зарлачихлаа. Яагаад ийм шийдвэр гаргав аа?

-Сонгуулийн орчин нөхцөлийг харахад ч, УИХ дээр яригдаж байгаа хувилбаруудыг дүгнэж хэлэлцээд сонгуулиар манай нам хүссэн үр дүндээ хүрч чадахгүй юм байна гэсэн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, төрийн бодлогыг тодорхойлоход оролцох хэмжээний үр дүн гаргахгүй бол сонгуульд оролцох шаардлагагүй юм. 

-Маш олон бие даагч сонгуульд өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө Аудитын газар өгчихөөд байхад парламентад суудалтай МҮАН сонгуульд оролцохгүй гэсэн шийдвэр гаргасан нь сонин байна л даа?

-Хэрэв мажоритар тогтолцоогоор сонгуулийг явуулбал жижиг намууд бүлэг байгуулах хэмжээний суудал авч чадахгүй нь тодорхой. Гуравдагч намуудад хандаж, Их эвсэл байгуулж, сонгуульд оролцохыг уриалсан боловч бүтсэнгүй.

-Тэгээд яагаад заавал АН-ыг дэмжиж ажиллана гэж. МАН ч юм уу, МАХН байж болохгүй байсан уу. Өнгөрсөн дөрвөн жилд та АН-ын дотоодын тэмцэлд шүүмжлэлтэй ханддаг байсан шүү дээ?

-Ардчилсан намыг дэмжих шалтгаан нь өөрийгөө өөрчлөх чадамжтай гэдэгт найдсаных.  Ирж яваа хүнд хэцүү цагт Ардчилсан нам хурдан шуурхай арга хэмжээ авч чадах болов уу гэж бас итгэснийх. Гэхдээ Ардчилсан намд итгэсэн гэхээсээ илүү энэ намд хариуцлага үүрүүлэхийг хүссэн хэрэг.  Үнэхээр өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан нам дотроо зөндөө “байлдсан”. Эрх биш энэ “зодооноосоо” залхаж, сургамж авсан байх гэж найдаж байна.

-Таныг Ардчилсан намтай том наймаа хийчихлээ гэсэн хардлага улс төрийн хүрээнд байгаа?

-Ямар ч наймаа байхгүй. Ардчилсан намыг ялна гэж хэн итгэлтэй байгаа юм бэ. Ардчилсан нам бол хамгийн хүнд үе дээрээ явж байна. Энэ хүнд үед нь тэдэнд дэм өгье, саналаас нь хуваалцаад яах юм бэ гэж бодсон.

-Танд сайдын суудал амалсан юм биш үү?

-Сандал суудлын наймаа, тохироо, яриа хэлэлцээр сонгуулийн дараа яригддаг. Сонгуульд хэн ялагч болох, АН хэдэн суудал авахыг тооцоолох ямар ч боломж нөхцөлгүй байхад сайдын суудал нэг нь амалж, нөгөө нь горьдоно гэж юу байх вэ. Би АН-аас юу ч горьдоогүй.

-Та тэгэхээр сонгуульд нэр дэвшихгүй гэсэн үг үү?

-Нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж