Оросууд Трампыг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2016.04.29-нд нийтлэгдсэн

Оросууд Трампыг дэмжиж байна

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын гадаад бодлогын үзэл баримтлалыг оросууд таашааж байна. Тэрбээр Вашингтон хотноо лхагва гаригт хэлсэн үгэндээ АНУ, ОХУ-ын харилцаа сайжруулж, зөрчлийг намжаах боломжид найдаж байна хэмээн ярьжээ. Гэхдээ тэрбээр хоёр орны дунд “хэрүүлийн алим” болсон Украин болон Крым хойгийн талаар ганц үг дуугааргүй байна.

Үүний дараа Москва хот дахь “CNN” телевизийн сурвалжлагч нэр дэвшигч Дональд Трампын талаар оросуудын санаа бодлыг сонсоход олонх нь эерэг сэтгэгдэлтэй байжээ. “Трамп ОХУ-тай харилцааг сайжруулах хүсэлтэй байгаа нь чухал. Хоёр орон ойртож дотносохгүй боловч яриа хэлэлцээр явагдах боломжтойг харж байна” хэмээн Москвагийн нэгэн оршин суугч ярьжээ. Нэр дэвшигч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хувийн харилцаа сайтай нь АНУ, ОХУ-ын харилцаанд үүссэн зөрчлийг намжаахад тусалж чадна хэмээн оросууд үзсэн байна.  

Үүний зэрэгцээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин түүнийг эргэлзээгүй ухаалаг, чадвартай хүн хэмээн магтжээ. Оросын гадаад хэрэг, батлан хамгаалахын бодлогын зөвлөлийн дарга Фёдор Лукянов хэлэхдээ Трамп бол илэн далангүй, нээлттэй хүн учраас надад таалагддаг  хэмээсэн байна.

Украины зүүн хязгаарын зөрчил болон Крым хойг Киевээс салж, Кремльд нэгдсэн явдалд ОХУ-ыг хөндлөнгөөс оролцсонд АНУ  буруутгаж байгаа юм. Харин НАТО дорно зүгт хүрээгээ тэлж, ОХУ-ын хилд ойртож байгаад Москва эмзэглэж байгаа юм.

Эх сурвалж: CNN

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж