Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн бичиж буй зураачдын тухай цуврал өгүүллийг news.mn сайт албан ёсны зөвшөөрөлтэйгээр танд хүргэж байгаа билээ.
Миний хамгийн дуртай зүйл бол хэн нэгэнд юуг ч юм бэ ӨГӨХ! Facebook page рүү минь зочлох уншигчиддаа зориулж ӨГ гэдэг бяцхан булан нээлээ.
Ө+Г=ӨГ. Миний охины нэрийг Гэгээ гэдэг тул ийн нэрийдсэн юм (Өлзий, Гэгээ). Хамгийн гол нь, зүгээр л ӨГ, үнэгүй ӨГ гэсэн утга.
Контемпорари урлагийг ойлгоход тийм ч амар биш. Орчин цагийн уран бүтээлчдийн сэтгэлгээг ойлгож хүлээн авахын тулд эхлээд ХХ зууны урлагаа баримжаалах хэрэгтэй. Тиймээс ХХ зууны сор бүтээлийн антологи болон дүрслэх урлагийн түүхийн бусад номыг эх үүсвэр болгон, өөрийн сонголтоор, эхний ээлжинд 50 зураачийн бүтээлээр бяцхан бичвэр бэлдлээ. ӨГ-ийн дугаар бүрээс та зураачдын бүтээлийг задалсан товч тайлал, эсвэл бичил эсээ унших бөгөөд үүний заримыг шууд орчуулж, заримыг нь өөрөө бичсэн болно. ӨГ галерейд тавтай морил!
ӨГ-4
НҮҮР ЦАРАЙГҮЙ ЗУРААЧ
Авьяаслаг зураач Сан Му одоо дэлхийн дүрслэх урлагийн ертөнцөд анхаарал татсан уран бүтээлчийн нэг болоод байна. Тэр бол олон улсад нэр нь түгсэн, Хойд Солонгосын анхны зураач! Түүний тухай “Би бол Сан Му” нэртэй баримтат киног Америкийн найруулагч Адам Сёоберг 2015 онд бүтээж, энэ оны гуравдугаар сард олон улсын фестивалд оролцлоо.
Сан Му-тай би 2008 онд танилцсан юм. Солонгосын урлаг судлаач, куратор найз маань бидний уулзалтыг санаачилсан. Үзэсгэлэнгийн нээлтээр биш, нэг ч үзэгчгүй байх үеийг тааруулж очсон нь таатай хэрэг болж, тайван тухтай сууж кофе уунгаа илэн далангүй, ярилцах боломж гарсан сан. Тэр маш ухаалаг яриа хөөрөөтэй, эелдэг даруу зантай, сэтгэл татам нэгэн санагдсан. Өөрөө надад хөтөч болж, зураг нэг бүрийнхээ түүхийг хүүрнэн, үзэсгэлэнгийн танхимаар дагуулан явж билээ. Хамгийн өвөрмөц түүхтэй бүтээлүүдийн нь дэргэд түүнийг зогсоон, ахин дахин зургийг нь дарахад ер төвөгшөөгөөгүй. Сүүлд нь бид хамтдаа “патиараа” татуулав. Чингээд, үзэсгэлэнгийнхээ танилцуулга болох аварга том зурагт хуудасны нүүрэн дээр Ulziitugs+Sun Mu=Free Art (Өлзийтөгс+ Сан Му=Чөлөөт Урлаг) хэмээх мартагдашгүй үгийг бичиж, гар утас, цахим хаягийнхаа дор гарын үсгээ зурж бэлэглэсэн сэн. Энэ бүхнийг тоочин өгүүлэхийн учир гэвэл тэр ийм нээлттэй хүн биш. Дэлхийн томоохон хэвлэлүүд Сан Муг “faceless”, “nameless” буюу “нүүр царайгүй”, “нэргүй” зураач гэдэг. Олон нийтийн өмнө баг зүүж гарах юм уу, телевиз сонинд бол зөвхөн ар нуруунаас нь авсан зургийг л нийтлэхийг зөвшөөрдөг. Тиймээс хамт авахуулсан зургаасаа би түүний нүүр царай, утасны дугаар, хаяг сэлтийг баллуурдав. Гэхдээ сайн ажиглавал, надтай хамт авахуулсан зураг дээрээ өмссөн ногоон малгайгаар түүнийг бас таньж болно. Яг энэ малгайгаа өмссөн, цааш харсан нэг зургийг интернетээс олсноо хавсаргалаа. Хойд Солонгосын ерөнхийлөгчийг Микки Маусын чихтэй болгон, Диснейн дүрүүдэд хувирган шоолох зэргээр эсэргүүцлээ илэрхийлдэг тул одоо “хар жагсаалтад” орсон нь тодорхой, мөрдөн мөшгиж, заналхийлдэг ч биз ээ.
Сан Му гэдэг нь нууц нэр. “Хил хязгаар үгүй” гэсэн утгатай гэнэ. Бээжингийн нэгэн галерейд 2014 оны долдугаар сард дэлгэх гэж байсан түүний үзэсгэлэнг Хятадын засгийн газраас шалтгаангүй гэнэт хааж, нээлтийн арга хэмжээнд оролцохоор цуглагсдыг дотогш нэвтрүүлэлгүй, цагдаа нар бүслэн хорьж байгаад, өлгөсөн зургуудыг хураан авч, үзэгчдийг тараасан байна. Вашингтон Пост сонинд дурдсанаар бол тухайн үзэсгэлэнд тавигдах гэж байсан 70 орчим өвөрмөц, содон бүтээлийг нь шууд шатаажээ. Харин баримтат кино бүтээгдсэний үр дүнд тэрээр Хятадын засгийн газраас бусад зургаа буцаан авах боломж гараад буй аж. Хүний эрхийн төлөө тэмцэгч Өмнөд Солонгосын нэгэн байгууллага түүний бүтээлийн зурагтай цамцыг (t-shirt) зарахдаа “Далавчтай ч нисч чаддаггүй нэгэн” гэдэг үгийг бичсэн байсан нь гагц Сан Мугийн ч биш, эрх чөлөөгөө хасуулсан уран бүтээлч бүрийг илэрхийлсэн хэрэг юм.
“Нүүргүй” зураачийн бүтээл поп арт чиглэлд хамаарна. Өнгө дүрслэл, хэллэг тод, үзэл санаа, дотоод ертөнц нь хурц илэрсэн байдаг. Зургууддаа ямагт хэрэглэдэг улаан, хөх өнгө нь Хойд Солонгосын далбааг бэлгэджээ. Улс төрийн хошигнолын аясаар, маш эмгэнэлт байдлыг санаанд оромгүй хөнгөн хэлбэрээр харуулдаг. Нялх хүүхдэд улаан дарс уулгаж буй зургийг л хар! Хүчирхийллийг ийм “цэвэрхэн” илэрхийлэх гэж… Айлган сүрдүүлэлт, дарангуйлал, эрх чөлөөгүйдэл, шударга бус байдлыг цус нөж, нулимс, зовлонт царай төрх, нүд халтирам дүрслэлүүдээр илэрхийлсэнгүй. Харин зөвшөөрөмгүй үйлдлийг хэний ч санаанд оромгүй нөхцөлтэй уялдуулж, энгүүн байдлаар дүрсэлжээ. Өөрөөр хэлбэл, энэ зураачийн бүтээхүйн хэллэг, илэрхийллийн арга хэлбэр хүртэл хүчирхийллээс татгалзаж байна! Сан Му 2009 онд Нью-Йорк таймс сонинд ярихдаа “Миний эх оронд хэрхэн яаж инээмсэглэхийг ч заадаг. Хүүхдүүд бид жаргалтай байна л гэж өөрсдийгөө боддог сон, харин инээмсэглэл маань хүртэл үйлдвэрлэгдсэн гэдгийг огт ухаараагүй явж” гэжээ. Тэрээр Хойд Солонгост цэргийн алба хааж байхдаа коммунист удирдагчдын заавраар үзэл суртлын, ухуулгын зурагт хуудас бүтээх боловсон хүчнээр бэлтгэгдэж явсан түүхтэй.
Сан Му анхны үзэсгэлэнгээ Сөүлд дэлгэхэд өмнөдийнхөн ч эхэндээ эргэлзэнгүй хүлээж авчээ. “Хойд нутгийн соёлын туршуул” гэх нь холгүй, илтэд үл ойшоож, “плакат” маягийн хэлбэрт нь гайхаж, сэжиглэнгүй нүдээр угтжээ. Бусаны биенналд бүтээлээ илгээтэл оролцуулахаас татгалзсан байдаг. Учир нь түүний зурсан Ким Ир Синий хөрөг зохион байгуулагчдад нь таалагдсангүй. Мөн Хонконгийн Их сургуулийн профессор, урлагийн шүүмжлэгч нэгэн эр Сан Мугийн бүтээлийг дүгнэхдээ “Хуучны үсчний газарт л таарах хямдхан ажил” хэмээн цэцэрхсэн удаатай. Хүйтэн дайны үед өмнөд Солонгосын үсчний газруудад “Социализмыг устгая” гэсэн бичигтэй зурагт хуудас ихээр наадаг байж л дээ. Түүнтэй төстэй харагдсан бололтой. Ер нь урлаг ойлгодоггүй хүмүүс алив бүтээлээс юун түрүүнд бусдынхтай ижил төстэй шинжийг л хайж, “Тэндээс, эндээс хуулчихаж, хулгайлчихаж, дуурайчихаж” гэж ярьдаг нь улиг болсон зүйл. Бүтээл хэрхэн төрөх явц зөвхөн бүтээгчдэд тодорхой байдаг бөгөөд алив зүйлийг дотроос нь харж чадахгүй улс гаднаас нь харахаас өөр замгүй. Харин “гаднаас нь” харсны үр дүнд ийм л өнгөц дүгнэлт төрнө. Хаа сайгүй шүүмжлэн, үл ойшоож, хүйтнээр угтан авсан ч Сан Му цөхрөлтгүй тууштай байж, өөрийн гэсэн энэ л хэв маягаа Азид төдийгүй дэлхий даяар хүлээн зөвшөөрүүлж чадлаа.
“Тэнд би коммунист удирдагчдын суртал ухуулгад үйлчилж байсан. Энд харин өөрийнхөө л ухуулгыг хийж байна. Учир нь миний зургууд бол Хойд Солонгост үзэж өнгөрүүлсэн бүхэн минь юм. Одоо би бас Өмнөд Солонгосын суртал ухуулга болохыг хүсэхгүй” гэж америкийн сэтгүүлчид ярьсан нь их таалагдав. Жинхэнэ уран бүтээлч хүн бусдыг аялдан дагаж, орчиндоо зохицуулж биш, өөрийн гэсэн, тогтсон үзэл бодлоо дагаж, түүнийгээ илэрхийлж амьдардаг. Энэ нь л тэдний тэмцэл болдог юм.
Сан Му аймшигтай хүнд амьдрал туулсан, хаалттай нийгмийн золиос болсон хөөрхийлөлтэй хүмүүс дундаас төрсөн гэхэд зургууд нь хүчтэй үзэл санаатай, өөрийн гэсэн өнгө төрхтэй, сэтгэлгээний хоцрогдолгүй, харин ч шинэлэг. Манай урлаг, утга зохиолын социализмын үеийн түүхийг нягтлан харахаар дэлхийн хэмжээнд үнэлэгдэхүйц ном бүтээл цөөн байдгийг би тухайн нийгэмтэй нь, хатуу хяналт бүхий бэрх нөхцөлтэй нь л холбож ойлгодог, зөвтгөдөг сөн. Гэвч өнгөц дүгнэлт байж. Бүх талаар өөрийгөө хөгжүүлсэн, боловсорсон, жинхэнэ уран бүтээлч гэдэг хаана төрснөөсөө үл шалтгаалан, хийе гэснээ бүрэн дүүрэн хийж чаддаг, хэлэх гэснээ нууцхан аргаар ч атугай заавал хэлдэг, ур чадвараа дээшлүүлсээр, өссөөр, хийсээр л явдгийг энэ мэт олон хүний амьдралаас харж, өнгөрсөн түүх намтартаа бид бодитой хандах хэрэгтэй юм. Сан Мугаар жишээ татахад, тэр шоронжсон дэглэм дунд төрсөн, өссөн, хүмүүжсэн гэхэд төрөлхийн баригдмал бус сэтгэлгээтэй, эрэлч, хайгуулч зантай нэгэн болох нь бүтээлээсээ харагддаг. Өнгө нь хүртэл маш тод, зоримог. Сөүлд ирснээсээ хойш төд удалгүй анхаарлын төвд орж, дэлхийн урлагийн тавцанд гарч чадсаныг анзааралгүй өнгөрөөж боломгүй. Шинэ газар оронд дасах, гэр бүлээ тэжээх, өөр нийгэмтэй зохицон амьдрах, суралцах гэх мэт үй түмэн бэрхшээлийн хажуугаар шүү! Хойд Солонгосоос зугтсан өөр олон зураач Сөүлд байдаг, миний бие ч заримтай нь уулзаж явснаа дашрамд дурдая. Чи ХЭН БЭ гэдгээс л бүх зүйл шалтгаалж байна. Түүнээс биш монгол уу, франц уу, хятад уу, соц үеийн хүн үү, шинэ цагийн уран бүтээлч үү, Герман, Америкт сурсан уу, үгүй юу гэдэгт асуудал байгаа юм биш ээ. Авьяас, авьяас, бас дахин авьяас! Урлагийн хамгийн сайхан бөгөөд шударга тал энэ.
Сан Му амь насаараа дэнчин тавьж, эрх чөлөөндөө хүрсэн хүн. Төрсөн нутгаасаа 1998 онд оргоод Хятад, Вьетнам, Лаосыг дамжин амьдарсаар, арайхийн Сөүлд ирж суурьшжээ. Энэ зуур асар их зовлон бэрхшээл үзсэн юм. Лаосын ширэнгэн ойд нуугдан амьдарсан он жил нь хар дарсан зүүд шиг өнгөрчээ. Хэрэв зугтах үедээ баригдсан бол буудуулна, эсвэл насаараа шоронд хоригдох ял авна. Өөрөө төдийгүй гэр бүлээрээ хатуу эрүү шүүлтэд орно. Шөнийн хав харанхуйд, цэл хүйтэн голын усыг сэлж туулан, ямар их айдас түгшүүр дор хил давснаа ярьж байсан. Хэдий тэр одоо, хэдхэн цаг яваад л төрсөн нутагтаа хүрчихэж чадах тийм ойр зайд амьдарч буй ч гэр бүлийнхэнтэйгээ уулзалгүй хориод жил болжээ. Нэр болон нүүр царайгаа нуудаг нь Хойд Солонгост үлдсэн ах дүүс, төрөл садангийнхаа аюулгүй байдлын төлөө юм.
Америк сэтгүүлч Барбара Дэмикийн бичсэн “Атаархах зүйл үгүй” хэмээх номыг Ш.Энхжаргал англи хэлээс хөрвүүлсэн нь бий. Хойд Солонгосын өнөөгийн амьдралыг өгүүлсэн, сонирхолтой баримт, бодит түүхүүдээс бүрдсэн ном юм. Энхжаргалын хүсэлтээр уг номыг редакторлахдаа Сан Муг эрхгүй дурсаж, яаж тийм түнэр харанхуй дунд ГЭРЭЛТЭЙГЭЭ тэсч үлдсэнийг, хүсэл тэмүүлэл, хүч чадал, ур чадвараа хадгалан авч гарсныг бахдаж билээ.
“Мөнгөгүй, ядуу, шинэ техник технологигүй, хоцрогдсон улс оронд амьдарч буй” гэх мэт бэрхшээл тэгэхээр шалтаг биш байх нь! Яруу найрагч, зохиолч бидний хувьд маш өндөр шалгуур бүхий, мэргэжлийн орчуулгаар дамжиж байж л бүтээлээ дэлхийд гаргах том даваа бий. Харин зураач, хөгжмийн зохиолчдод ядаж л хэлний саад алга. Тиймээс, хаа газрын хэнээс ч дутахгүй авьяаслаг төрсөн монгол зураач, барималч, хөгжмийн зохиолч ТАНЫГ дэлхийн дэвжээнд нэрээ гаргахыг ерөөн залбирч сууя. Утаанд умбасан, хөөрхийлэлтэй улс орныхоо нэрийг урлагаар өөд татах боломж бас байна.
Жич: “Би бол Сан Му” киноны трэйлерийг эндээс үзээрэй. Түүний зарим зургийг хөдөлгөөнд оруулж, уг танилцуулгыг хийжээ.
ЭХ СУРВАЛЖ: ӨЛЗИЙТӨГС ЛУВСАНДОРЖ