”Манай продакшнд од бий”

Хуучирсан мэдээ: 2016.04.29-нд нийтлэгдсэн

”Манай продакшнд од бий”

Өнөөдөр Олон улсын бүжгийн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан УДБЭТ-ын гоцлол бүжигчид “Nomadic ballet” продакшн  байгуулснаа зарлаж, “Мэдрэхүй” нэртэй анхны уран бүтээлээ үзэгчдэдээ өргөн барих гэж байна. Корпорейт зочид буудлын концертын танхимд өнөөдөр 19.00 цагаас ганцхан удаа болох тоглолтын бэлтгэлийн үеэр шинэ продакшны гоцлол бүжигчин А.Өлзий-оршихтой уулзаж ярилцлаа.

 “Nomadic ballet продакшн энэ өдөрт үзэгчдэд онцгой бэлэг барих гэж байгаа гэж дууллаа.

– “Nomadic ballet”продакшны хамт олон “Мэдрэхүй” /Sentiment/ нэртэй анхны тоглолтоо толилуулах гэж байна. Тоглолт сонгодог болон модерн бүжиг хосолсон неоклассик үзүүлбэр, Майкл Жексоны дуунд зориулан тусгайлан дэглэсэн шоу гэсэн хоёр хэсгээс бүрдэх юм.

УДБЭТ-т өмнө нь 2014 онд “Диваажин энд байна” модерн балет тавьж, 2015 онд “Night of Ballet модерн бүжгийн фестиваль зохион явуулж байсан. Тэгвэл “Nomadic ballet”-ын “Мэдрэхүй” эдгээр модерн балетуудаас юугаараа онцлог вэ?

– “Диваажин энд байна” модерн бүжгэн жүжгийг Португалийн бүжиг дэглээч Хюго Виератай хамтран тавьсан. “Night of Ballet” модерн бүжгийн фестивалийг Монголын балетын хөгжил сангаас зохион явуулсан. Ер нь Монголд модерн бүжгэн жүжгүүдийг гадаадын бүжиг дэглээч дэглэж, тавьж, гадаадын уран бүтээлчид тоглодог байсан. “Nomadic ballet” продакшны зорилго бол монголчууд юу чаддаг, мэргэжлийн ур чадвар ямар түвшинд байгаа, монгол залуучууд дэлхийтэй хөл нийлүүлж чадаж байна уу, чадахгүй байна уу, өөрсдөө бүжиг дэглэх чадвар нь хэр байна гэдгийг харуулах юм. Нэг үгээр хэлбэл, гадаадаас уран бүтээлч авчирч, тоглуулахаас илүүтэйгээр өөрсдөө нөөц бололцоогоо дайчлан бүтээлээ туурвиж,  дэлхийд гаргахыг зорьж байна. Монгол залуучууд хэнээс ч дутахгүй ур чадвартай гэдгийг харуулахын тулд энэ продакшныг байгуулсан.

– “Nomadic ballet” продакшнд хэдэн уран бүтээлч нэгдээд байна?

-Одоогоор 12  бүжигчин, нэг төгөлдөр хуурчтай байна.

– Бүгд мэргэжлийн уран бүтээлчид үү?

-Тиймээ. Бүгд ДБЭТ-ийн балетчин, гоцлол бүжигчид.

-“Nomadic ballet” уран бүтээлээ цаашид тогтмол хийх үү?

-Тэгнэ гэж бодож байна. Улсын ажлаа ч хийнэ. Продакшны уран бүтээлээ ч туурвина. “Nomadic ballet” улиралд нэг бүжгэн жүжиг эсвэл хүүхэд, бяцхан үзэгчдэд зориулсан тоглолт хийхээр төлөвлөж байгаа. Жилд ямар ч байсан дөрвөн тоглолт зохион байгуулахаар зорьж байна. Ямар ч байсан уран бүтээлийн тоо нэмэгдэнэ үү гэхээс биш хасагдахгүй байх.

Танай продакшнд од бий юу?

-Од гэдэг нь? Олны танил болсон уран бүтээлч гэж үү? Бий. Монголын сонгодог урлагийн сор болсон уран бүтээлчид тоглож байгаа учраас тэгж хэлж болно. Манайд Жизель, Одетта бүгд бий.

-“Мэдрэхүй” тоглолтын сюрпризийг задлахын тулд үзэгчид хэдийг төлөх вэ?

-Тоглолтын тасалбарын үнэ суудлын ангиллаас хамаараад 30000, 50000-ын үнэтэй.

 –Продакшнаа яагаад Nomadic гэж нэрлэсэн бэ?

-Нэр өгөхөд янз бүрийн санал гарч ирсэн л дээ. Бүжгэн жүжиг бол дэлхийн урлаг, сонгодог урлаг. Нэгэнт л дэлхийд гарах тухай ярьж байгаа болохоор бид өөрсдийн гэсэн хэв маягтай байх ёстой, өнгө төрхтэй байх ёстой гэж үзсэн. Бид бас Монголчууд. Монголчуудыг нүүдэлчид гэдгээр нь дэлхий мэднэ. Тиймээс энэ нэрийг өгсөн.

Танайх бүтээлээ хэзээ дэлхийд гаргахаар төлөвлөж байгаа вэ?

-Энэ талаар одоо ярихад эрт байна. Энэ онд биш ч, ирэх жилээс бид хилийн чанадад тоглохоор төлөвлөсөн.

-Амжилт хүсье, баярлалаа.

Ярилцсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж