“Apple” шинэ тэсрэлт хийж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2016.04.29-нд нийтлэгдсэн

“Apple” шинэ тэсрэлт хийж чадах уу?

Технологийн салбарт тэргүүлэгч “Apple” компанийн улирлын орлого 2003 оноос хойш анх удаа буурчээ. Компанийн ашиг, орлого жилийн өмнөхөөс 18 хувиар буурсан байна. Хөрөнгө оруулагчдын дунд “iPhone” гар утсыг сонгох хэрэглэгчдийн тоо буурч байгаад санаа зовниж байна. Иймд “Apple” компанийн ирэх есдүгээр сард танилцуулах “iPhone 7” гар утас тэсрэлт хийх хэрэгтэй. Эсвэл “iPhone” шиг амжилттай борлогдох шинэлэг бүтээгдэхүүн гаргах шаардлага “Apple” компанийн шинийг санаагчлагч хамт олонд тулгарч байна. Тэр хүртэл “Apple” компанийн орлого буурсаар байх төлөвтэй. “Apple” компанийн хувьцааны уналт лхагва гаригт нэг цагийн дотор олон сая ам.долларыг салхинд хийсгэсэн байна.

Харин төлбөр тооцооны “Apple Pay”, контентын “App Store”, дуу хөгжмийн “Apple Music” зэрэг үйлчилгээний ашиг өнгөрсөн оныхоос 20 хувиар нэмэгдсэн байна. “Apple” компанийн дэлхий дахинд борлуулсан тэрбум гаруй гар утас, таблет дээрх үйлчилгээг ашиглаж байгаа юм. Үйлчилгээний бизнесийн улирлын орлого зургаан тэрбум ам.долларт хүрсэн нь “Mac” эсвэл “iPad”-аас хавьгүй илүү ашиг авчирчээ. “Apple Watch” цаг худалдаанд гараад нэг жил болоход 2007 онд  “iPhone” гар утсыг гаргаж байснаас илүү борлуулагджээ. Цагны үнэ 300 ам.доллараас эхэлж байгаа юм. “Apple” компани энэ онд найман сая цаг худалдаж, дөрвөн тэрбум ам.долларын орлого олох тооцоо гаргажээ. Үүний зэрэгцээ “Apple” компани электрон автомашин үйлдвэрлэх төсөлд хүч үзэж байна.

“Apple”-ийн хамгийн том асуудал бол өнгөрсөнд үзүүлсэн амжилтууд юм. “Apple” илүү олонд хүрэх шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадна гэх хөрөнгө оруулагчдын итгэл компанийг дэлхийн хамгийн үнэ цэнэтэй фирм болгосон. Apple компанийн хөрөнгө 2012 онд 621.64 тэрбум ам.долларт хүрч түүхэн дэх хамгийн баян компани болж байв. Түүнчлэн 2014 онд өмнөх загваруудаасаа онцгой өөр “iPhone6” утсыг танилцуулснаар дэлхий нийтийн анхаарлыг татаж байлаа. “Apple”-ийг үүсгэн байгуулагч Стив Жовс нас барсны дараахан 2011 онд Тим Кук компанийн гүйцэтгэх захирал болсон. Гэвч хөрөнгө оруулагчдын дунд түүнийг Стив Жобсоос илүү байж чадна гэдэгт эргэлзээ төрж эхэлжээ.

Өрсөлдөгчийн амжилт

“Apple” компанийн араас шил даран өрсөлддөг Өмнөд Солонгосын “Samsung Electronics” борлуулалтаа 5.65 хувиар өсгөж, улирлын орлогоо 13.55 хувиар нэмэгдүүлж чаджээ. Жилийн эхний гурван улиралд “Samsung” компани  5.25 их наяд воны /4.56 тэрбум ам.доллар/ цэвэр ашиг олсон байна. “Samsung” компанийн орлого нэмэгдэхэд таамаглалаас эрт худалдаанд гарсан “Galaxy S7”, “Galaxy S7 Edge” гар утасны борлуулалт нөлөөлжээ. “Galaxy S7” гар утас Хойд Америк болон Европын хэрэглэгчдийг татах болсноор олон улсад илүү алдаршиж байна.

Хуулийнхны эсрэг маргаан

Холбооны мөрдөх товчоо алан хядагчийн хамсаатнуудтай холбоотой мэдээлэл олж авах зорилгоор сэжигтний гар утасны нууц үгийг тайлуулахаар “Apple”-д хандсан боловч технологийн компани хамтран ажиллахаас татгалзсан юм. Нэг гар утасны нууцлалыг арилгавал бусад бүх хэрэглэгчийн гар утасны нууцлал алдагдаж, аюулгүй байдал болоод эрх ашгийг нь зөрчинө гэж “Apple” компани эсэргүүцсэн юм. Гэвч Холбооны мөрдөх товчоо хакерын бүлгийн тусламжтайгаар “iPhone5” утасны кодыг тайлж чадсан нь хэрэглэгчдийн дунд эргэлзээ төрүүлжээ. Хэдийгээр “Apple” компани хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалахаар эцсээ хүртэл тэмцсэн боловч нэр хүнд нь нэгэнт сэвтсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж