Ардчилсан хөгжлийн дэвшлээс ухарлаа

Хуучирсан мэдээ: 2016.04.29-нд нийтлэгдсэн

Ардчилсан хөгжлийн дэвшлээс ухарлаа

Одоогоос яг нэг долоо хоногийн өмнө Сонгуулийн тухай хуулийн пропорциональ тогтолцоотой холбоотой заалтыг Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа түдгэлзүүлсэн дүгнэлт гаргасан. Энэ долоо хоногт Цэцийн энэ дүгнэлтийг УИХ-ын холбогдох Байнгын хороод хүлээн авахаа илэрхийлээд байгаа. Харин өнгөрсөн Лхагва гаригийн чуулганы ээлжит бус нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх байсан ч УИХ дахь “Шударга ёс” эвсэл завсарлага авсан учраас хойшилсон.

Үндсэн хуулийн Цэцийн энэ дүгнэлтийг УИХ-ын гишүүд янз янзаар хүлээн авч байна. Нэн ялангуяа Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авч, улмаар ээлжит сонгууль жижигрүүлсэн 76 тойргоос мажоритар системээр сонгох чиг рүү явна гэсэн таамаг байгаа. Ингэсэн нөхцөлд дараагийн парламентад эмэгтэй гишүүн сонгогдох магадлал тун бага юм. Тиймээс энэ асуудлаар УИХ дахь эмэгтэй гишүүд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.


УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

-Өнгөрсөн 2012 онд АН-ынхан пропорциональ системийг зайлшгүй оруулах шаардлагатай гэж үзээд ажлын хэсэг байгуулагдаж их зөвшилцсөний үр дүнд арай гэж энэ саналыг оруулж ирсэн. Энэ нь нэгдүгээрт, улс төрийн намуудыг төлөвшүүлэх, бэхжүүлэх, сонгогчдын өгсөн санал гээгдэхгүйгээр тоологддог онцлогтой. Хоёрдугаарт, бусад улс төрийн намд олгож байгаа том боломж гэж үзэж Сонгуулийн тухай хуулийг өөрчилж байсан. Гэтэл энэ зарчмаасаа АН-ынхан ухарч байна. 


УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл

-Би Цэцийн дүгнэлтийг эсэргүүцэж байна. Яагаад гэвэл Үндсэн хуулийн Цэц 2012 онд их суудлын хуралдаанаар пропорциональ систем Үндсэн хуульд харшлахгүй гээд шийдчихсэн. Их суудлын шийдвэр бол эцсийн шийдвэр байдаг. Түүнээс цааш хөх тэнгэр байгаа гэж ярьдаг шүү дээ. Гэтэл уг асуудлаар иргэдээс гомдол ирсэн ч хүлээж авах ёсгүй байсан. Авлаа гэхэд 2012 онд гаргасан шийдвэрийн дагуу хариулт өгөх ёстой байсан. Энэ бол урьд өмнө нь тохиолдож байгаагүй асуудал. Цэцийн алдааг цааш заргалдах арга байхгүй. Ингээд бужигнаан үүсчихээд байна. Тэгэхээр одоо Үндсэн хуулийн дагуу зөв шийдвэр гарна гэж бодохгүй байна. Дараа дараагийн парламент нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэн ялгаж салгах ёстойг давхар Үндсэн хуульд оруулж өгөх шаардлагатай юм байна гэж бодогдлоо.


УИХ-ын гишүүн С.Одонтуяа

-Шуудхан хэлэхэд би Цэцийн шийдвэрт гайхаж байна. Энэ олон жил Үндсэн хуулийн Цэц юу хийж байсан юм бэ? 2012 онд уг асуудал яригдаж байсан. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилд одоогийн парламент маш олон шийдвэр тушаал, тогтоол гаргачихаад байхад гэнэт сонгуулийн өмнө төрийн ажлыг самарч байгаа юм шиг байж болохгүй. Би үүнийг маш их эсэргүүцэж байгаа. Олон жил сонгуулийн ардчиллын төлөө явсан дэвшилтэт системийг шууд ухрааж байгаа. Би яагаад энэ системийг дэмжихгүй байгаа вэ гэхээр нийгмийн зорилтот бүлгүүдээс орох боломжийг хааж байгаа. Олон орны Сонгуулийн хууль, туршлагыг судлаад үзэхэд улс төрийн намын жагсаалтад эмэгтэйчүүдийг оруулъя гэсэн байдаг. Зарим нь хөгжлийн бэрхшээлтэй болон залуучуудын төлөөллөө оруулж байна. Нийгмийн цөөнхөөс ч мөн оруулж байдаг. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж