УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдааныг цаг сунган үргэлжлүүлж, 19.30 цагийн орчимд өндөрлүүллээ. Ингэхдээ Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсэг болон Хууль зүйн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа. Санал хураалгах шатанд гишүүд уван цуван гарч явсаар 10 хүрэхгүй шахам гишүүнтэй үлдэв. Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Маш чухал хуулийн төсөл хэлэлцэж санал хурааж байхад гишүүдийн ирц хангалтгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Тав зургуулахнаа байна шүү” гэв.
УИХ-ын даргын зүгээс гишүүдийг танхимд орж ирэхийг хүсэж, эцэстээ санал хураах боломжгүй болсон учраас хуралдаанаа өндөрлүүллээ.
Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, 100 гаруй саналын томъёоллоор санал хураалгахад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Д.Лүндээжанцан, Ц.Оюунгэрэл нарын хэдхэн тооны гишүүд идэвхитэй сууж санал хураалтдаа оролцсон бол энэ өдрийн хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд даргалж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Д.Лүндээжанцан, Б.Бат-Эрдэнэ нар тунаж үлдэн чуулганы хуралдаанаа өндөрлүүллээ. Эцэстээ гишүүдийн дуу ч гарахаа больж, УИХ-ын дарга З.Энхболд саналын томъёоллоо уншсаар 100 гаруй саналын томъёоллоос 80 гаруй саналыг хураалгаж ажлынхаа ихэнхийг нугаллаа.
Г.ДАРЬ