УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдааны цагийг сунган Хууль сахиулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбоотой бусад төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, ажлын хэсгээс оруулж ирсэн саналуудаар санал хураалгаж байна. Одоогоор 70 гаруй саналаар санал хураалгаад байгаа юм.
Тухайлбал, гадагшаа олон нийт рүү чиглэсэн арга хэмжээ авах журмыг Хууль зүйн сайд батлахаар боллоо. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Ийм журмыг сайд бус Улсын ерөнхий прокурорын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга хоёр батлаад явчихаж болдоггүй юм уу. Тэгэхгүй бол сайдын баталсан журмаар нохой хүн урсан гээд юм болбол яах юм бэ” гэв.
Ажлын хэсгээс өгч буй тайлбараар гадагшаа чиглэсэн журмыг батлах эрхийг хэрэгжүүлэгч субьектэд өгөх нь оновчгүй, харин хяналт тавих, мөн эргээд УИХ-д тайлбар мэдээлэл өгөх боломжтой хүнд нь өгөх нь оновчтой байгаа аж. Үүгээр хөөхөөр Засгийн газрын гишүүн нь хамгийн боломжтой хувилбар болж бууж буй учраас энэ заалтаар үлдээх нь зөв хэмээн үзэж, дээрх санал дэмжлэг хүлээлээ.
Г.ДАРЬ