Зочид буудалтай залгаа байруудыг хамгаалалтад авна

Хуучирсан мэдээ: 2016.04.28-нд нийтлэгдсэн

Зочид буудалтай залгаа байруудыг хамгаалалтад авна

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалт долоодугаар сарын 14-16 ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Дээд түвшний уулзалтыг угтан замын хөдөлгөөн болон хамгаалалтыг авах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлжээ. Энэ үеэр ирэх зочид, төлөөлөгчид нь А зэрэглэлд буюу төрийн тусгай хамгаалалтад авна. Зочдын аюулгүй байдлыг хангаж ажиллахаар ЦЕГ, ЗЦГ-тай ТЕГ-ын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын газар хамтарч ажиллах юм байна. Дээрх газрууд хамтран замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах, аль бүсээр хамгаалалтын ажлыг явуулахыг нарийвчлан гаргахаар ажиллаж буй аж. Одоогийн байдлаар хамгаалалтын бүсэд Шангри-Ла зочид буудал, Төрийн ордон, Чингис Хаан Олон Улсын нисэх буудал багтсан тухай өнөөдөр ЦЕГ, ЗЦГ-аас мэдэгдлээ. Шангри-Ла, Чингис, Пума зэрэг нийт 40 гаруй зочид буудалд зочид байрлах юм байна. Төлөөлөгчид байрласан зочид буудлыг цагдаа, төрийн тусгайгийнхан хамгаална. Мөн дээрх хамгаалалтын бүсэд хэд хэдэн орон сууц багтжээ. Иймээс хурал эхэлж, зочид ирсэн энэ үед хамгаалах бүсэд багтсан гэр рүүгээ иргэд хэрхэн орж, гарах вэ гэдгийг зохицуулахаар тухайн айл өрхүүдийг бүртгэж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл урьдчилан бүртгүүлээгүй иргэд зочид ирсэн үед хамгаалалтын бүс буюу төлөөлөгчид байрласан зочид буудал, зэрэгцээ орших орон сууц руу нэвтрэх боломжгүй болох юм. Хэрэв уулзалт эхлээд хамгаалалт гарсан үед хамгаалалтын бүсэд орших иргэний бие өвдөж, объектод гэнэтийн гал гарвал тусламжийн галын машин, түргэний тэргийг асуудалгүй оруулахаар зохицуулжээ.

НЗДТГ-аас замын хөдөлгөөнийг хаах, дугаарын хязгаарлалттай холбоотой тогтоол гарч магадгүй юм байна. Урьдчилсан байдлаар долдугаар сарын 14-16 ний өдрүүдэд тодорхой хэсэгт замын хөдөлгөөнийг хаахаас гадна дугаарын хязгаарлалт хийхээр төлөвлөжээ. Гэхдээ энэ үеэр Улаанбаатар хотын бүх замын хөдөлгөөнийг хаахгүй гэж цагдаа нар тайлбарлав. Харин долоодугаар сард болох дээд хэмжээний уулзалтыг угтсан хурлуудын үеэр цаг тухайд нь замын хөдөлгөөнийг хязгаарлаж, дугаарын хязгаарлалт хийх юм байна.

АСЕМ-ын уулзалтын үеэр хамгаалалт хийх газруудаас гадна бусад бүсжилт дээр ЗЦГ, ЦЕГ-ын ажилтнуудыг дайчлан ажиллуулах, яаралтай дуудлагад бэлэн байлгах талаар чиглэл өгч ажиллах аж. Мөн хуулийн хүрээнд зочид байрлах буудлыг тойрсон өндөр барилга, аж ахуйн нэгжийг хурал болох өдрүүдэд цонхоо онгойлгохгүй байх мэдэгдлийг ЦЕГ-аас хүргүүлээд байгаа. Энэ нь зочдын аюулгүй байдлын хангах хүрээнд хийгдсэн ажил гэнэ. Аж, ахуйн нэгжүүд заавал дээрх цагдаагийн мэдэгдэлд орчин тойрноо аюулгүй болгосон эсэхээ хариу өгч мэдэгдэх үүрэгтэй байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж