НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн гуравдугаар сард Хойд Солонгосын эсрэг хоригоо чангатгаснаас болж гадаадад үйл ажиллагаа явуулдаг 20 ресторан нь хаалгаа барьжээ. Гадаад дахь Хойд Солонгосын ресторанууд нь Пхеньяны бэлэн мөнгөн нэг гол эх үүсвэр юм. Хойд Солонгос нь дэлхийн 12 оронд 130 орчим ресторантай аж.
Үүний зэрэгцээ Хятад дахь Хойд Солонгосын рестораны 20 ажилтан Сөүл рүү зугтах төлөвлөгөөтэй байсан ч долоо нь эцсийн мөчид бодлоо өөрчилсөн байв. Хойд Солонгосын 13 иргэн өнгөрсөн гуравдугаар сард Хятадын зүүн хойд хэсгийн Нингбо хотоос зугтаж Сөүлд иржээ. Энэ хэргийн талаар Пхеньян мэдээлэхдээ Өмнөд Солонгосын тагнуулын алба тэдгээр ажилтнуудыг барьцаалан авч явсан хэмээсэн аж.
Хойд Солонгос өнгөрсөн нэгдүгээр сард цөмийн туршилт хийж, дараа нь хиймэл дагуул зөөгч пуужин хөөргөснөөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон бусад орнууд Пхеньяны эсрэг хатуу хориг тавьсан билээ. Гэвч Хойд Солонгос тав дахь удаагийн цөмийн туршилт хийх бэлтгэлээ дуусгаад байгааг Сөүлийн тагнуулын албаныхан мэдээлжээ.
Эх сурвалж: The Korea Times
Б.АНХТУЯА