Шинэчлэгдэн батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар эцэг, эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг тусгасан. Хэрэв тус хуулийн заалтыг зөрчвөл эцэг, эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм. Мөн сургуулийн өмнөх насны хүүхдийг заавал тусгай зориулалтын суудалд суулгаж, автомашинд авч явах. Сургуулийн насныханыг машиндаа авч явахдаа тогтмол хамгаалалтын бүс зүүлгэх. Хэрэв дээрх үйлдлийг зөрчвөл торгуулах хуулийн заалттай. Учир нь хайхрамжгүй, болгоомжгүй жолооч, ээж ааваас болж, сүүлийн долоон жилд 300 хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алдсан байна. Энэ нь Сирийн дайнаас дүрвэж далайд живж амь насаа алдсан хүүхдийн тоотой тэнцжээ.