УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нар улс төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булганы хоригдож буй нөхцөл байдалтай танилцаж, түүнийг хурц гэрэлтэй өрөөнд, залхаан цээрлүүлэх байдлаар хорьсон хэмээн мэдээлсэн билээ. Энэ мэдээллийн мөрөөр Улсын прокурорын ерөнхий газар /УПЕГ/-аас ажлын хэсэг гарч, Б.Булганыг ариун цэвэр сахих боломжгүйгээр, эрхийг нь зөрчин хорьсон уу гэдгийг тогтоохоор хоригдож буй хорих анги, орчинд нь хяналт, шалгалт явуулжээ. Шалгалтаар УИХ-ын гишүүдийн мэдээлэлд дурдсанчлан"…Б.Булганы хоригдож байгаа өрөөний гэрэл тод, бусад өрөөнийх бүдэг…" гэсэн нь үндэслэлгүй байжээ. Мөн тус байрны хорих бүх өрөөний гэрэлтүүлэг жигд түвшинд суурилагдсан тухай УПЕГ-аас мэдэгдлээ. Мөн хорих өрөөний бие засах хэсэг үүдэндээ ил байрласан нь эмэгтэй хүний эрхэмсэг байдлыг алдагдуулж, залхаан цээрлүүлсэн тал ажиглагдсан гэж мэдээлж байсан юм. Энэ дагуу прокуророос шалгахад сантехникийн холболтоос шалтгаалаад ганц Б.Булганы өрөө биш Төв аймгийн хорих ангийн хойд хэсгийн найман өрөөний бие засах хэсэг нь үүдэндээ байрлалтай байжээ. Үүнийг яаралтай янзалж, далдлах хаалт хийхийг прокуророос үүрэгдсэн байна.
Б.Булганыг ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байна гэх мэдээлэл худал гэдгийг УПЕГ-аас мэдэгдлээ. Б.Булган нь Төв аймгийн Хорих ангид таван сарын хугацаанд саатуулагдахдаа найз эмэгтэйтэйгээ хоёр удаа, дүүтэйгээ нэг удаа уулзжээ. Харин Б.Булган нь хорих ангид ээжийгээ ирүүлэхийг өөрөө хүсээгүй. Хэрэв ээж нь болоод өөр хэн нэгэн Б.Булгантай уулзаж, эргэлт өгөхийг хүсвэл хуулиараа хэргийг шалгаж буй мөрдөн байцаагч, прокуророос зөвшөөрөл аваад уулзах эрх нь нээлттэй гэдгийг Ц.Мөнхбат дарга тайлбарлалаа. Б.Булганы биеийн байдлын тухайд хэвийн, ойр зуурын эм бол ууж байгаа гэж мэдээллээ. Прокурорынхон энэ сарын 21-нд Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн эмч нарт Б.Булганыг үзүүлж, нарийн аппаратуудаар оношлуулахад эмч нар түүний биеийн байдал сайн гэсэн дүгнэлт гаргажээ. УПЕГ-аас ингэж Б.Булганы хоригдож буй орчинд шалгалт хийх явцдаа Б.Булганыг Цагдан хорих 461 дүгээр анги руу шилжүүлэх шийдвэр гаргаж, шилжүүлсэн байна. Зарим цахим сайтаар Б.Булганыг 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтүүллээ гэсэн мэдээлэл цацагдсан. Гэхдээ энэ мэдээ худлаа гэдгийг УПЕГ-аас албан ёсоор анхаарууллаа.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Ц.АРИУНБОЛД