Бөмбөрцөгийн олон мянган тэрбум хэрэглэгчийн өдөр тутмын хэрэглээ болсон фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг дэлхийн хамгийн баян 16 хүний нэг болоход түүнд алт зэсийн орд, алмазны уурхайн аль аль нь байсангүй. Зөвхөн мэдлэгт суурилсан баялаг бүтээсний ачаар тэр дэлхийн хамгийн залуу тэрбумтнаар тодорч чадсан юм.
Америкийн улс төрийн зүтгэлтэн Бенжамин Франклиний хэлсэн нэг үг байдаг. Мэдлэгт оруулсан хөрөнгө оруулалт хамгийн өндөр хүү төлдөг гэж. Ганц ам.долларыг мянга болгон өсгөж чадах цорын ганц үйлдвэрлэл бол мэдлэгийн эдийн засаг байдаг гэсэн үг.
БСШУ-ы сайд Л.Гантөмөр өнөөдөр “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2016 оны нэгдүгээр сард эхний шатанд 200 сургуулийн төсөл шалгарч амжилттай хэрэгжиж байгаа бол 4 сард хоёрдугаар шатанд 427 сургуулийн 450 төсөл шалгарч 2000-3000 долларын тэтгэлэг нийт 3,8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын болон үйлийн орчин бүрдэхэд дэмжин ажиллаж” байгаа гэх сайхан мэдээ дуулгав. Мөн их сургуулиад шинжлэх ухааны парктай болж, мэдлэгийн эдийн засгийн суурийг тавихын тулд их сургуулиудын 18 төсөл, 60 судалгаанд 3,5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон талаар мэдээлэв.
Байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дунд “Бүтээлч оюутан” тэтгэлэгт төслийн уралдаан зарласны дагуу 137 төслийн санал ирснээс 117 төсөл шалгараад байгаа гэнэ. Төсөл нь шалгарсан оюутны баг тус бүр 3 сая төгрөгийн тэтгэлэг авч асуудал шийдэх төслөө хэрэгжүүлэхээр болжээ. Тэрчлэн УИХ-аар Боловсролын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан бөгөөд дээд боловсролыг улс төрийн нөлөөнөөс ангид байлгаж, удирдлага, зохион байгуулалт, менежментийг олон нийтийн оролцоонд суурилсан, ардчилсан, хараат бус, нээлттэй зарчимд тулгуурласан байх зохицуулалтыг тусгасан байна.
Бизнесийнхнийг шинжлэх ухаан руу татах бодлогыг төр засгаас төлөвлөгөөтэйгөөр хэрэгжүүлэх хэрэгтэйг шинжлэх ухаан ч өөрөө шахаж, эрдэмтэд ч хэлж шаардах болсон билээ. Өнөөдрийн хувьд эрдэмтдийн бүтээлийн 90 хувь нь захиалагчгүй, худалдан авагчгүй, зөвхөн өөрийн хүсэл сонирхлоор хийгдэж байгааг салбарынхан ярьцгаадаг. Сайн бүтээл туурвилаа гэхэд их сайндаа л төр одон медалиар шагнаад өнгөрдөг. Гэвч энэ бол мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн бодит дэмжлэг биш ээ гэдгийг эрдэмтэд ярих болоод удаж байгаа юм. Өнгөрсөн дөрвөн жил боловсролын салбарт томоохон шинэчлэлт хийгдсэн бөгөөд энэ шинэчлэлтийг цааш нь үргэлжлүүлэх нь Монголын төр засгийн зүгээс боловсролын салбартаа оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болох ёстой.
Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх нь мэдлэгээ гадагш нь экспортлох, мэдлэгээ баялаг болгохын эхний алхам. Дэлхийд өрсөлдөх мэдлэгийг Монголд “үйлдвэрлэснээр” монгол Марк Цукерберг, Билл Гэтс хэзээ нэгэн цагт төрөх нь дамжиггүй. Товчоор хэлэхэд, Монголын ирээдүйн эдийн засаг бол шинжлэх ухаан, технологид суурилсан эдийн засаг байх ёстой гэсэн үг. Үүний тулд мэдлэгийн эдийн засагт шилжихэд бид өөрсдөө шинэ мэдлэгийг дэлхийн мэдлэгийн санд оруулж хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй.
НҮБ-аас XXI зууны хамгийн ирээдүйтэй байж магадгүй гэсэн шинжлэх ухааны чиглэлийг нано, био технологи, тархи-оюун судлал, мэдээллийн технологи гэж нэрлэж байна. Эдгээр шинжлэх ухааны хөгжил ирээдүйд хүний амьдрах орчин, нөхцөлийг сайжруулж, байгалтайгаа зохицсон илүү энгийн атлаа ухаалаг нийгмийн суурь болох аж. Энэ суурь дээр үндэслэсэн чанартай бат бөх байшин барих том амбиц Л.Гантөмөрт байгаа бололтой.
Б.БАТ