Их говийн зоригтон Доогийн Дамбадаржаа | News.MN

Их говийн зоригтон Доогийн Дамбадаржаа

Хуучирсан мэдээ: 2016.04.28-нд нийтлэгдсэн

Их говийн зоригтон Доогийн Дамбадаржаа

Их говийн зоригтон Доогийн Дамбадаржаа шуурганд уруудсан далан мянган адууг хэдэн сарын турш хоргоон хил давуулалгүй авч үлдсэн зоригт эрсийн тухай баатарлаг дуулийг 70 жилийн тэртээ бичгийн их хүмүүн Бямбын Ренчин бичиж “Их говийн зоригтнууд” хэмээн нэрийдсэн байдаг. Энэхүү бишрэм түүхэн үйл явдлын ойг өдгөө Дорноговь аймгийн Өргөн сумын удирдлагууд уламжлал болгон тэмдэглэн томоохон арга хэмжээг зохион байгуулдаг болсоор удаж байна. Үүнийг өгүүлэхийн учир нь одоо уншигч танаа танилцуулах хүн тэрхүү зоригт эрсийн нэг юм. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Байшинтын долдугаар дивизийн хилийн отрядад алба хааж байсан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Доогийн Дамбадаржаа эх орны баялаг болсон эрдэнэт мал сүргээ хил давуулан алдахаас хамгаалалцаж явсан баатарлаг эр. Тэрээр 1923 оны усан гахай жил Боржигон Сэцэн хан аймгийн Оцол Сансар уулын хошуу буюу одоогийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг Эвзийн цагаан ухаа хэмээх газар мэндэлж, 13 настайгаасаа Зүүн жанжин Чойрын хийдэд шавилан суух болсон ч жилийн дараа хийд нь тарж эх эцгийн хамт мал маллах болсон байна. 1944-1949 оны зүүн өмнөд хязгаарт цэргийн алба хааж эх орны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэн “Бид ялав”, Жуковын мэндэлсний ойн медаль зэргээр шагнагдаж байжээ. Халагдаж ирээд “Хөдөлмөрийн оч” нэгдэл, Сүмбэр сангийн аж ахуйд адуу маллахын  зэрэгцээ орон нутгийн адууны үүлдэр угсааг сайжруулах, чанаржуулахад анхаардаг байв.

Д.Дамбадаржаа хүүхэд ахуйдаа Алдарт уяач Галын хурдан морьдыг унаж хурдлуулдаг байсан нь хожмын сайн уяач болоход нөлөөлсөн хэмээдэг. Бөгөн, Шарваа зэрэг сайн морьд, бор, хонгор азаргануудтай  Д.Дамбадаржаа Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Довуучтай ихэд дотно нөхөрлөнө. Довууч уяач жил бүрийн хавар тэднийхээр айлчлан хэд хоног морь ярьж байгаад унаа, морио сэлбэн зүүн урагш Хэнтий, Сүхбаатар орж адууны наймаа хийгээд буцахдаа азарган үрээ, байдас авчирч өгнө. Довууч уяачаас авсан зуузай тамгатай хонгор азарга нь тэднийд хурдны үр тарьж, үр төл нь урам сэргээн хурдалсан билээ.

Хэнтий аймгийн Галшар сумын шилмэл сүргийг хариулдаг байсан Үдэрбат Д.Дамбадаржаа нар нэг оны цэргүүд. Хожмоо Хажуу-Улааны наадам дээр таарч шилмэл сүргийн бор үрээг өгсөн нь мөн л олон сайхан төлүүд өгсөн билээ. Энэ бор азарганы төлийг аймгийн Алдарт уяач Ч.Эрдэнэцогт авч олон сайхан хурдтай болсны нэг нь 1994 оны Боржигон наадамд түрүүлсэн бор соёолон үрээ нь.

Д.Дамбадаржаа уяачийн адууг сэлбэсэн өөр нэг хурдан азарга бол Хэнтий аймгийн Дархан сумын харьяат Чимэддоогийн хул  азарга. Хул азарганы төлүүдээс Нямын Дашзэвэгийн хулууд одоо ч сайхан хурдалж байна. Мөн Дашравдангийн Борд өгсөн хонгор азарганы төлүүд сайхан хурдалж, 1995 оны зун болсон БХТН-ийн “Уран уургач, уран бугуйлчид”-ын тэмцээнд зориулсан уралдаанд түрүүлж байсан билээ.

Ийнхүү адууныхаа угшлыг сайжруулж чанаржуулсан Д.Дамбадаржаа адуунд эрэмгий, морь сайхан унадаг, нас өндөр болсон ч уурга, ташуур хоёроос салдаггүй нэгэн байсан ба өдгөө зээ хүү А.Цогбаатар хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байна.

"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж