Цэцийн хутгасан холион бантангаас зайлсхийх жор бэлэн байжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.28-нд нийтлэгдсэн

Цэцийн хутгасан холион бантангаас зайлсхийх жор бэлэн байжээ

Томоохон намууд Үндсэн хуулийн Цэцтэй сэм үгсэж жалга довны 76 гишүүн төрүүлэх жижиг мажоритари тогтолцоо руу УИХ-ын шинэ сонгуулийг хүчээр түлхэхээр шийдсэн нь нэгэнт ил болж Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороод дэмжчихээд байгаа. Хаа сайгүй л мажоритари системийн сул талыг бичиж, халаглаж, Монгол Улс улс төрийн хөгжил, туршлагын хувьд гарцаагүй арагш ухарч байгааг сануулж байгаа ч нэгэнт шийдсэн гол намуудын улстөрчдөд ямар ч үндэслэл бүхий сэрэмжлүүлэг нөлөөлж чадахгүй байна.

Тэгвэл Цэцийн хутгасан холион бантангаас зайлсхийх гарц одоогоос зургаан жилийн өмнө бэлэн байжээ. Тухайлбал 2010 онд гавьяат хуульч Б.Чимид агсан, академич Ж.Амарсанаа, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ахлах зөвлөх Ш.Хишигсүрэн нарын тэргүүлэх мэргэжилтнүүд УИХ-ын гишүүн Л.Болдын хүсэлтээр боловсруулж, Л.Болд нарын гишүүд Их хуралд өргөн мэдүүлсэн Сонгуулийн хуулийн төсөл өнөөдөр үүсээд байгаа мухардлаас гаргах сайтар бодож, алсыг харж боловсруулсан бэлэн жор байсан юм. Хувь тэнцүүлэх тогтолцоог олонхоор сонгох аргатай хослуулан Үндсэн хуультай огт зөрчилдөхгүйгээр тооцоолж боловсруулсан тэрхүү хуулийн төслийн түлхүүр санааг тухайн үеийн парламентын гишүүд ойлгож дэмжсэн бол өнөөдөр УИХ ч, Цэц ч тэр ингэж сонгогчдын өмнө нэр нүүрээ барсан алхам хийж улайж суухгүй байлаа.

Л.Болд нарын төсөлд санал болгосныг хүлээн авсансан бол сонгуулийн газар зүйн зарчмыг баримтлан улсын хэмжээнд бүсчлэн байгуулагдах том 10 хүртэлх тойргоос намын жагсаалтад багтсан нэр дэвшигчийг сонгохдоо бодлого сайтай мөрийн хөтөлбөр бүхий дэвшүүлсэн намд нь ч санал өгч, дэмждэг улстөрчөө ч сонгогч нэгэн зэрэг нэрийг нь дугуйлснаар 1992 оны Үндсэн хуультай бүрэн дүүрэн нийцүүлж, таалсан хүнээ ч шууд сонгохын зэрэгцээ тухайн намыг нь ч өгсөн саналаараа дэмжих бололцоотой байжээ.

Үүний хүчинд намын даргадаа шоовдорлогдон жагсаалтын адагт эрэмбэлэгдсэн ч үнэхээр олон түмнээр хүрээлүүлж чадсан улстөрч бол намын даргын үзэмжээс эс шалтгаалан жагсаалтыг түүчээлэх алтан боломж энэ төсөлд оршиж байж. Гагцхүү энэ л хувилбараар сонгуулийн хуулинд Үндсэн хууль зөрчихгүйгээр хувь тэнцүүлэх тогтолцоог суулгаж болно гэж Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид агсан нар гайхалтай олж харсан байгаа юм.

Харамсалтай нь Л.Болд нарын санаачилсан төсөл УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн өөр нэг төсөлтэй нэгтгэгдэн 2011 оны 12 дугаар сард Сонгуулийн тухай хууль болж батлагдахдаа намын жагсаалтад байгаа нэр дэвшигчдийг сонгогч өөрөө имэрч байж нэрийг нь дугуйлах тэрхүү амин чухал санаа гээгдсэн байна. Тухайн үеийн парламентын энэхүү харалган үйлдэл өнөөдөр Төрийн ордонд улстөрчдийн хатгаасаар, Цэцийн дүгнэлтийн улмаас үүсэн бий болоод байгаа жалга довын 76 руу буцаад маршлах том ухралтын учир шалтгаан болчихоод байна.  Хэрэв тухайн үед манай улстөрчид Монгол Улсын эрх ашгийг урьтал болгосонсон бол Хөдөлмөрийн баатар, Үндсэн хуулийн эх баригч Б.Чимэд агсны жалга довны депутатуудаас нэгмөсөн ангижрах, хожим хойно улстөрийн хямрал нүүрлэхэд гарц болох байсан алсын хараа бүхий санааг дэмжих л учиртай байж. Ингэсэн бол уяач гишүүн, бөх гишүүн цөөрнө. Мөн жагсаалтад, хэн нэгний оймсонд нуугдан 2012 онд УИХ-д ороод ирсэн “пропорционалийн алдаа” гэгддэг эрхмүүд ч байхгүй байх байжээ. Энэ нь намын даргадаа хэн илүү тал зассан нь жагсаалтад дээгүүр эрэмбэлэгдэн их улс төрд ногоон гэрлээр өгсдөг ёс бус явдлыг ч хаах байлаа. Энэ үнэнийг монголын өнөөгийн УИХ-ын гишүүдэд зургаан жилээр оройтсон ч гэсэн сануулья.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж