УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Б.Булганыг Төв аймгийн цагдан хориход байхад нь эргэж очсон бөгөөд “Тус хорих ангид хүний эрхийг ноцтой зөрчиж байна” гэсэн мэдээллийн дагуу Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Б.Булганы хоригдож байгаа нөхцөл байдалтай танилцаж шалгалт хийсэн аж.
Шалгалтаар УИХ-ын гишүүдийн мэдээлэлд дурьдагдсан"…Б.Булганы хоригдож байгаа өрөөний гэрэл тод бусад өрөөнийх бүдэг…" гэсэн нь үндэслэлгүй байсан байсныг дуулгаад тус байрны хорих бүх өрөөний гэрэлтүүлэг жигд түвшинд суурилагдсан талаар УЕПГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хяналтын прокурор Ц.Өлзийжаргал сэтгүүлчдэд мэдээллээ. Түүнчлэн тус хорихын найман өрөөний бие засах хэсэг үүдэндээ байрлалтай байсан тул далдлах хаалт хийлгэжээ. Мөн Б.Булган нь гэрээсээ илгээмжээр ирүүлсэн номыг уншиж байгаа ба бичгийн цаас, бал оруулаагүй, хорих өрөөний эсрэг талын цонхыг хөшгөөр байнга хаалттай байлгасан гэсэн мэдээллүүд нь үндэслэлтэй байсан тул бичгийн цаас, бал өгөх, хөшгийг татуулж, цонхыг нээлгэх зэрэг арга хэмжээ авчээ.
Дээрхи зөрчлүүд нь тус хорих байрны албан тушаалтны зүгээс Хууль зүйн сайдын тушаалаар баталсан "Хорих байрны дотоод журам"-ыг зөрчсөн зөрчил байх тул зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар ШШГЕГ-т Прокурорын шаардлага бичиж хүргүүлсэн байна.