Монгол Улсад залуучуудын хөдөлгөөн үүссэний 90 жилийн түүхт ой энэ онд тохиож буйтай холбогдуулан Монголын Залуучуудын Холбоо, Шинжлэх Ухааны Академи, “Эвлэл сан” хамтран анх удаа “Залуучууд судлал” эрдэм шинжилгээний бага хурлыг өнгөрөгч баасан гаригт зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын гавъяат багш Ц.Түвшинтөгсийн “Өсвөр үеийг амьдралд бэлтгэх нь”, ШУА-ийн Философи социологи эрхийн хүрээлэнгийн социологийн секторын эрдэм шинжилгээний ажилтан, магистрант Н.Мөнхтүвшингийн “Залуучуудын улс төрийн идэвхи оролцоо”, ШУА-ийн Эрхзүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан О.Баасантогтохын “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн төлөв, цаашдын хандлага”, ШУА-ийн Философи социологи эрхийн хүрээлэнгийн социологийн секторын эрдэм шинжилгээний ажилтан, докторант Ж.Батжаргалын “Залуучуудын гажууд зан төлөв түүнд хандах хандлага”, Дотоодын цэргийн 805-р ангийн ахлагчийн зөвлөлийн дарга, дэд ахлагч М.Даваацэрэнгийн “Залуучууд бид…” зэрэг илтгэлүүд тус оролцсон байна. Тавьсан илтгэлүүдийн дагуу хэлэлцүүлэг явагдсанаас гадна залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, судалгаа шинжилгээний байгууллага, судлаачид, их дээд сургуулийн багш, оюутан залуучууд залуучуудын өмнө тулгамдаад буй асуудлуудаар санал бодлоо солилцов. Хуралд тавигдсан илтгэлүүдийг эмхэтгэл ном болгон, хурлаас гарсан санал зөвлөмжүүдийг нэгтгэн залуучуудын хөдөлгөөн үүссэний 90 жилийн ойн баярын хурлаар төр засгийн өндөрлөгт хүргэх юм байна.
С.Отгон