Генералуудын хамгийн залуу нь 43 настай

Хуучирсан мэдээ: 2016.04.28-нд нийтлэгдсэн

Генералуудын хамгийн залуу нь 43 настай

-Монгол Улс 170 генералтай-

Жил бүрийн энэ өдөр /04.28/ цэргийн дээд цол болох генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Уламжлал ёсоор 12 дахь жилдээ генералуудад хүндэтгэл үзүүлж, Чингисийн талбайд цэцэг өргөх ёслол боллоо. Энэ жил Монгол Улсад генерал цол олгосны 72 жилийн ой тохиож буй юм. Анх 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал цол олгож эхэлсэн түүхтэй. Тухайн үед анхны 11 генерал цол олгосон байна. Тэдний есөн хүнд хошууч генерал, хоёр хүнд дэслэгч генерал цол өгсөн байдаг. Тэрнээс хойш нийт 170 генерал төрсөн байна. Өдгөө амьд сэрүүн 87 генерал байгаагийн 10 гаруй нь ажил үүргээ гүйцэтгэж байна. Тэдний хамгийн ахмад нь 96 настай Т.Алтангэрэл гуай  бол хамгийн залуу нь  бригадын генерал Л.Онцгойбаяр 43 настай настай юм байна.

“Миний бие 2001 онд анх “Монгол генерал” төвийг байгуулж анхны захирлаар ажиллаж байсан. Тэр үеэс жил бүр тэмдэглэлт өдөртэй болж, генералууд болон тэдний гэр бүлийнхний уулзалт зохион байгуулж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд энэхүү уулзалтыг төр засгаас дэмжиж, хүлээж авч уулздаг болсонд баяртай байна. Би генерал цолыг 2000 онд Батлан хамгаалах их сургуулийн захирал байхдаа Ерөнхийлөгч Н.Багабандиас авч байлаа. Тэр мөчийг дурсахад саяхан мэт санагдаж байна. Одоо чөлөөндөө гарсан” хэмээн хошууч генерал, ШУ-ны доктор, профессор Д.Мягмар дурслаа.

Энэ жилийн генералуудын өдрийг зохион байгуулж буй ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Миний хувьд 12 жил ажиллаж, 147 дахь генерал цолыг  авсан. Монгол Улсын хэмжээнд зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зэрэг найман байгууллага энэ өдрийг ээлжлэн зохион байгуулдаг. Энэ жил Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байна. Удахгүй Засгийн газрын тогтоол гарна. Уг тогтоолоор албан ёсоор монголын генералуудын баярын өдрийг тэмдэглэлт баярын өдөр болгох тухай байх юм” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр генералуудад хүндэтгэл үзүүлэн, хамтдаа  зургаа авахуулж байсан юм. Тэрээр “Аав маань генерал хэмээх эрхэм цолтон. Би цэргийн гэр бүлд төрж, өссөн төдийгүй эх  орондоо тангараг өргөсөн офицер хүн. Генерал цол бол Монголын төр цэрэг армиа хэрхэн үнэлж буйг харуулдаг хамгийн эрхэм цол билээ. Нөгөө талдаа өндөр үүрэг хариуцлага. Энэ цолыг эх орондоо тангараг өргөсөн эр хүн бүр мөрөөддөг. Тиймээс генерал цол нэр төрийн бахархал болсон цол юм” хэмээн ярилаа.

Уг ёслолд 80 орчим генералууд хүрэлцэн ирсэн бөгөөд зарим нь эрүүл мэндийн шалгаанаар болон ажлын шаардлагаар ирж чадаагүй байна. Ёслол хүндэтгэлийн үеэр генералуудын гэр бүлийнхэн, гэргий нар нь хүрэлцэн ирсэн байлаа. Хил хамгаалах ерөнхий газрын бригадын генерал М.Заяабаатарын гэргий Б.Эрдэнэчимэг “Хилийн цэргийн ангиар насаараа хамтдаа ажиллаж, амьдарсан. Өнөөдрийг хүртэл жаргал зовлонгоо хуваалцаад явж байна. Энэ баярын өдөр бүх генералууд гэр бүлтэйгээ оролцдогт би их баяртай байдаг. Ажил амьдралын мэдэх хүний хувьд сэтгэл их хангалуун явдаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Чингисийн талбайд цэцэг өргөсний дараагаар ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн ёслол хүндэтгэлийн жагсаал хийж марш алхсан юм. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын харьяа аврах тусгай ангийн үлээвэр найрал хөгжимчид жагсаалын парадыг эгшиглүүллээ.

Бэлтгэсэн А.ЦЭЭСҮРЭН

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД


ХӨТӨЛБӨР

2016.04.28

11.10-11.40 Генералуудыг хүлээн авч бүртгэх /Чингисийн талбайд/

11.40-12.00 Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх

12.00-12.10 Ёслол хүндэтгэлийн жагсаал

12.10-12.30 Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх

12.30-13.30 Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд Монгол Улсын Ерөнхий сайд генералуудад хүндэтгэл үзүүлэх /Тусгай хөтөлбөр/

13.30-14.00 Дурсгалын зураг татуулах /Чингис хааны хөшөөний урд/

14.00-14.45 Онцгой байдлын албанд ашиглаж буй техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийг танилцуулах, спортын үзүүлбэр үзүүлэх /Чингисийн талбайд/

14.45-17.00 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монгол генерал” төгөл байгуулах, мод тарих үйл ажиллагаа /Тусгай хөтөлбөр/

17.00-19.00 Хүлээн авалт /Төр засгийн үйлчилгээний “Элит” төвд/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж