Монголын нийгэм өвчилжээ. Гэхдээ сэтгэцийн хувьд хүндээр өвдсөн байна. Улс орны хэмжээнд эдийн засаг хямарч, хаа сайгүй мөнгө төгрөгийн хомсдолд орчихоод байна гэж байгаа ч сэтгэцийн доройтол хамгаас илүү сэтгэл зовооход хүрээд байна. Нийгмийн сүлжээгээр дүүрэн цэцэн мэргэд үгийн онч, харааны хурцаараа уралдацгааж байна. Тэд нийгэмд болж буй сайн сайхныг мэдээлэх, дамжуулахаасаа илүү согог гажгийг олж харах гэж хичээнэ. Ардчиллын ачаар бидэнд ирсэн олон олон эрх чөлөөний нэг нь энэ. Хувь хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй байна гэдэг бүхнээс эрхэм эрх чөлөө мөн. Гэвч тунг нь хэтрүүлбэл хийрхэл, гажуудал болж орхидгийг бид анзаарахаа байжээ.
Ахмад сэтгэлзүйч Ц.Зэсэнхүүгийн оношлосноор монголчууд бид бүгдээрээ сэтгэхүйн хувьд өвчилжээ. Тэрбээр та бидний нийтээрээ сэтгэхүйн өвчинд автаад байгаагийн хамгийн эхний шинжийг дараах байдлаар тодорхойлжээ. “Стресс хямралд орсон хүнд илэрдэг хамгийн том шинж тэмдэг нь тухайн хүн өөртөө байгаа зүйлд сэтгэл ханах чадвараа алддаг явдал юм. Америкийн сэтгэл ысудлаач Ричард Лазарус (Richard Lazarus) “Стресс нь хүний хийсвэр хүсэл мөрөөдөл ба бодит нөөц бололцооны хоорондох тэнцвэрийг алдагдуулдаг юм байна” хэмээн тодорхойлсон байдаг. Эндээс стрессийн төвшин өндөртэй хүн гэдэг нь байгаа зүйлдээ сэтгэл ханах чадваргүй болно гэсэн үг юм. Ийм хүмүүсийн хамгийн их хийдэг зүйл бол өөртөө байхгүй зүйлсээ хүсэмжлэх сэтгэл юм. Тухайн зүйл тухайн хүнд зайлшгүй шаардлагатай биш байсан ч тэр зүйлтэй л болбол энэ асуудлаас гарна гэсэн хийсвэр ойлголт юм” гэжээ. Хувь хүн, айл өрх төдийгүй улс орны хэмжээнд авч үзсэн ч энэхүү хийсвэр мөрөөдөл бий. Харин түүнийгээ хүсэл тэмүүлэл гэж эндүүрнэ. “Хөршийнх том байртай ч манайх жижиг, найз унаатай болчихлоо би явган” гэхчилэн гутарч гунисан, өөрийгөө болоод амьдралаа бусдаас дор үзсэн хүмүүс олон байна. Яг л “Атаархуу Аглуу” шиг. Ялгаатай нь Аглуу шиг ил хэлэхгүй далд арга, битүү утга, элдэв хийрхлээр илэрхийлж байж сая санаа амарна. Улс орны маань амьдрал ч таалагдах, таарах нь үгүй. Бүгдийг хараар будаж, үгүйсгэлийн үгүйсгэл хийж, түүнийгээ хэн нэгнээр хүлээн зөвшөөрүүлж байж л сэтгэл амардаг гажиг нийгэмд бий болжээ. Энэ өвчин даамжирвал “сэтгэхүйн ДОХ” болон ужгирах аюултайг ахмад сэтгэлзүйч сануулж байна.
Бас нэгэн өргөн тархсан нийгмийн өвчин бол дүр эсгэлт. Хэн нэгэнд тус хүргэнэ гэдэг сэтгэлийн их өглөг байдаг. Хүнд тусалснаар буян заяа нь тэгширч, өөрт биш гэхэд үр хүүхдэд сайнаар тусдаг учир “Бусдад тусалсан бол дуугүй яв, бусад хүн чамд тусалсан бол ярьж яв”гэж өвгөд сургаж ирсэн. Гэтэл өнөөгийн монголчууд үргэлж “хариу харсан тус” хүргэдэг болжээ. Хандив тусламж бүхнийг ашиг хожоо харсан үйлдэл дагана. Үгүйдээ л тусламжаар далимдуулаад нэр хүндээ өсгөөд авах сэтгэхүй нийгэмд бугшжээ. Ядарсан зүдэрсэнд туслах нэрээр дүр эсгэж, алдар нэр олох гажуудал өндөр дээд төвшний эрхмүүдэд илүү хамааралтай. Өвчинд шаналсан анд нөхрөө зүгээр л эргээд гарч чадахгүй эмнэлэгт авахуулсан зургаа нийгмийн сүлжээгээр цацаж байдаг хүйтэн сэтгэлтэй улстөрчийг харж л байлаа. Баригдсан, хоригдсон бүхнийг өмгөөлөх гэж учрыг нь ч ололгүй харайн очдог алдартан бас бий. Энэмэтчилэн санаатай, санамсаргүй үйлдлээрээ нийгмийг бүхэлд нь донсолгож, тэр хэрээр дуулианы эзэн болж яваа нь дээдэст тустай ч нийгмийн дунд, доод давхаргынханд бухимдал стресс нэмэхээс хэтрэхгүй.
Нийгмээ нэгэн гэр бүлээр төлөөлүүлэн төсөөлье л дөө. Гэртээ идэх хоол, өмсөх хувцас нь хомсхон бол өрхийн тэргүүн, гэрийн эзэгтэй нар мөнгө олохын төлөө л хөдөлмөрлөнө биз дээ. Яаж ахиухан мөнгө олж, үр хүүхдээ гэдэс цатгалан явуулах вэ гэж толгойгоо гашилгахаас бус бусдын хэрэгт хошуу дүрж, хийрхэж явах зав байх уу. Гэтэл мэдэх, мэдэхгүй сэдвээр хийрхэж, мэдэмхийрэх өвчин олон айлын аав, ээжүүдэд халдварлажээ. Муу засаг төрийн өвчин, муу эзэн гэрийн өвчин гэсэн зүйр үг бий билээ. Гэрээ засчихаад төрөө засах хэрэгт оролцохгүй бол ард нь ар гэр чинь хаягдах нь байна шүү. Нийтээрээ сэтгэхүйн хямралаас эхлээд гаръя.
Д.ЦЭЭПИЛ