Горилогч олонтой Сонгинохайрхан

Хуучирсан мэдээ: 2016.04.28-нд нийтлэгдсэн

Горилогч олонтой Сонгинохайрхан

“Сонгууль-2016” тулааны өнгийг тойргоор нь долоо хоног бүр тоймлон мэдээлж буй. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт хэн, хэн нэр дэвшихээр бэлтгэл хангаж байгааг тоймлолоо.


Сонгинохайрхан хүн ам олонтой, ядуус ихтэй тойрог. Сонгуулийн мөчлөгийг сонирхвол УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт хамгийн олон нэр дэвшигч тоосоо өргөсөөр иржээ.  Тухайлбал, 2012 оны УИХ-ын сонгуульд нам, эвсэл, бие даагчаас бүрдсэн 27 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Гурван мандаттай тойрогт 27 нэр дэвшигч өрсөлдсөн нь мандатын тооноосоо ес дахин өндөр үзүүлэлт юм. Одоо тус тойргийнхныг төлөөлөн парламентад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Сумъяабазар, Л.Эрдэнэчимэг нар сууж буй. Өмнөх сонгуулиудад дээрх тойргоос Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, Иргэний зориг ногоон намын дарга С.Оюун, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар сонгогдож байсан юм.

Сонгуулийн холимог тогтолцоо халагдаж, цул тойрог эргэн ирвэл УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн мандатын тоо нэмэгдэнэ. Энэ тохиолдолд дээрх тойргийн мандатын тоо нэгээр нэмэгдэх үү, хоёроор нэмэгдэх үү гэдэг нь Ардчилсан нам, МАН хоёрын зөвшилцлөөс шалтгаалах юм. Хүн амын тоо ч мөн хамаарна.

Сонгинохайрхан дүүргийг онилсон горилогчдоос хамгийн зоригтой PR-аа эхлүүлсэн нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнай. Шинэ он гарахаас урьтаж иргэд, сонгогчидтой уулзаж, Улаан чулуутын хогийн цэгт ажиллаж, мөн нүүрс тарааж амжсан бол Сонгинохайрхан дүүрэг дэх “Монос”-ын эмийн сангуудын эм, тарианы үнэ буусныг иргэд, сонгогчид “УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг сонгуулийн сюрприз” гэж талархаж хүлээн авсан нь ч бий.

Ардчилсан нам

Эрх баригч хүчнээс энэ тойрогт өрсөлдөхөөр горилж суугаа нэр дэвшигч олон аж. УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, кекүшюзан Д.Батбаяр, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Эрүүл мэнд, спортын дэд сайд асан н.Болдбаатар, Эрчим хүчний дэд сайд асан Ө.Пүрэвбаатар нарын нэрс дуулдаж байна.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн хувьд намын жагсаалтад бичигдэх хувилбар сонгож байсан ч Үндсэн хуулийн цэцээс “Пропорциональ 28 Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн” гэх дүгнэлт гаргасан нь тойрогтоо өрсөлдөхөөс аргагүйд хүргэжээ.  Мажоритар тойргийн сул тал нь эмэгтэйчүүдэд хамгийн их халтай. Мөнгөний их сонгууль болдог тул эмэгтэй нэр дэвшигчид хүчгүйддэг. 2012 оны УИХ-ын сонгуулиар 11 эмэгтэй парламентад сонгогдсон нь пропорциональ тогтолцооны үр дүн байсан юм. Тиймээс 2012 оны УИХ-ын сонгуультай харьцуулшгүй хатуу дэвжээнд гарах болж буй.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, кекүшюзан Д.Батбаяр нар 2008 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж сонгогдож байсан тул хуучин тойрогтоо эргэн ирэхэд гайхах зүйлгүй. 2012 оны УИХ-ын сонгуулиар Д.Батбаяр нь төрсөн нутгаа бараадан Ховдод нэр дэвшээд ялагдсан бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ардчилсан намын дарга байсан учраас намын жагсаалтад бичигдэн УИХ-д сонгогдсон юм. Энэ сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулсан ч Засгийн газрыг дангаараа байгуулах хэмжээний суудлыг авч чадаагүйг зарим улстөрч сонгуулийн тогтолцоо нөлөөлсөн гэж үзэх нь бий. Гэхдээ олон жил  засаглах эрхийг авч чадаагүй байсан Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуулиас эхлэн хэд, хэдэн удаагийн сонгуульд амжилттай оролцоход өнөөдрийн ухралт хийхэд хүргээд буй пропорциональ тогтолцоо нөлөөлснийг онцлох гишүүд ч олон бий.

Мандатын тоо нэмэгдэж болзошгүй энэ үед эрх баригч хүчнээс дэд сайдын алба хашиж явсан хоёр ч хүний нэр дуулдах болсон нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнайг бие даахад хүргэсэн байж мэдэх нь.

Мөн сонгогчдын хувьд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг дахин даагаа нэхэх болов уу гэсэн хүлээлт байсан ч нэр дэвших жагсаалтад орж ирсэнгүй. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, пропорциональ тогтолцоо эвдэгдэх нөхцөл байдал үүсээгүй бол Л.Эрхэмбаяр дарга намын жагсаалтад бичигдэх байсан гэх. Намын жагсаалтад намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нар бичигддэг. Энэ утгаараа автоматаар жагсаалтад бичигдэх байсан бололтой. Гэхдээ ойр тойрныхны яриагаар бол түүнд намаа сонгуульд амжилттай оролцуулж, ялалт авах л тэргүүн зорилго байгаа болохоос нэр дэвших амбицаа хойш татсан гэх.

Эцсийн дүндээ Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаас нэр дэвшигчид тодрох тул дээрх горилогчдоос шигшинэ гэж ойлгож болно.

МАН

Пропорционалыг халж, тойргийг эргүүлэн авчирхаар давшилтаа эхлүүлсэн МАН-аас УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт өрсөлдөхөөр сунгаагаа эхлүүлсэн горилогчийнх нь тоо гарын таван хуруунд багтаж ядаж байна. Хуучин хүмүүсээс УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, “Өгөөж чихэр боов” компанийн захирал С.Түмэнгэрэл нарын нэр дуулдаж байгаа бол залуу үеийг нь төлөөлөн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нямбаатар, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нар орж ирэх нь. Гэхдээ Бага хурлаасаа горилогчдыг шигших нь.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын хувьд 2012 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөхөд сонгогчид түүнд итгэл хүлээлгэж байв. Түүнийг нөхөд нь “УИХ-ын отгон гишүүн, мөн УИХ-ыг бүтэн болгосон түшээ” хэмээн тодорхойлох нь бий. Учир нь дээрх тойрогт УИХ-ын сонгуулийг хоёр дахь удаагаа зохион байгуулах нөхцөл байдал үүсэж, сонгогчид түүнд итгэл хүлээлгэснээр УИХ-ын гишүүний тангаргаа 2013 оны тавдугаар сарын 10-нд өргөж байжээ.

Бага хурлаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших визийг дахин олговол “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, “Өгөөж чихэр боов” компанийн захирал С.Түмэнгэрэл нар гурав дахь удаагаа нэр дэвших нь. Сонгинохайрхан дүүрэг тэдний хувьд хуучин тойрог боловч нэр дэвших бүрийдээ унаж ирсэн нь сануулгатай хатуу тойрог юм.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нямбаатар нь хуульч мэргэжилтэй аж,  2009 оноос эхлэн Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, 2012 оноос дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг удирдах болжээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дэд даргын албыг ч давхар хашдаг юм байна. Түүний зүгээс дүүрэгтээ хийсэн ажил чамгүй олон. Хамгийн сүүлд ухаалаг утасны хэрэглээг ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын дунд хязгаарлах шийдвэрийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гаргасан нь эцэг, эхчүүдийн талархлыг хүлээгээд байгаа юм. Одоо мөн Сонгинохайрхан уулын хормойд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар гадаадаас 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татсан нь зөвхөн улсын, нийслэлийн төсвийн гар харалгүй хийх боломжтойг харуулж буй. Сүүлийн өдрүүдэд Сонгинохайрхан дүүрэг бужигнаантай Засаг даргагүй болсныг Ардчилсан намын зүгээс Х.Нямбаатарын удирдлагаар хийсэн ажил хэмээн буруутгаж буй ч Засаг дарга М.Чинболдын төсвийн хөрөнгөөр гэр бүлийнхнийхээ хамтаар гадаадад зугаалсан, намын харьяаллаар халаа сэлгээг хийж байгаа үйлдлийг тэвчих арга алга хэмээн тайлбарлаж буй билээ. Гэхдээ хотын дарга Э.Бат-Үүлийн зүгээс Засаг дарга огцруулсан шийдвэрийг хүлээн авахгүй байх шийдвэрт хүрсэн талаар хэвлэлүүд мэдээлж буй.

МАХН

2016 оны УИХ-ын сонгуульд МАХН МАН-тай эвсэн орохоор хэлэлцээр хийсэн ч амжилтгүй болж, эцэст нь Иргэний зориг ногоон намыг зорин очсон ч бас л бүтэлгүйтэн дангаараа орохоос аргагүй нөхцөл үүсээд байна. Гэвч сонгуулийн холимог тогтолцоог МАХН-ын дарга Н.Энхбаяр хэвээр үлдээх сонирхолтой байгаагаас үүдэн нам дотор нь том хагарал үүсэн, зарим нэг гишүүн нь бүлгээ задална шүү гэх анхааруулгыг өгч эхэлсэн нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва энэ сонгуульд намаасаа нэр дэвших үү, МАН-аас өрсөлдөх үү, эсвэл бие даах уу гэх олон салаа асуулт тавихад хүргээд буй. Тэрээр 2012 оны УИХ-ын сонгуульд Г.Бямбасүрэн, Ж.Хатанбаатар нарын хамтаар МАХН-аас нэр дэвшиж, УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон юм. Энэ хугацаанд Хүнс хөдөө аж ахуйн сайд, Шадар сайдын албыг тус бүр хашиж иржээ. Гэр бүлийн нам хэмээн нэрлэгдэх болсон МАХН-аас Д.Тэрбишдагвыг гарч, МАН-даа эргэн ирэхийг сануулах хүн ч олон байгаа тухай “бор шувуу” сүүлийн өдрүүдэд саарал ордноос тасрахаа больсон. Тиймээс Шударга ёс эвслийн бүлгээс Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлттэй холбоотойгоор гарах шийдвэр түүнийг энэ удаагийн сонгуульд МАХН-аас нэр дэвших үү, эсвэл өөр сонголт хийх үү гэдгийг тодорхойлж мэдэхээр байгаа.

Сонгуулийн хуульд өөрчлөлт орж, тойрог эргэн ирсэн нөхцөлд Иргэний зориг ногоон намын дарга С.Оюун хуучин тойрогтоо өрсөлдөж магадгүй гэх яриа байгаа ч эх сурвалж харин нотолсонгүй. Мөн энэ тойрогт Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнай нарын цуутай нэр дэвшигчид өрсөлдөх сураг гарна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж