Сайн цагийг билэгдэж, Майдар эргэх ёсон боллоо

Хуучирсан мэдээ: 2016.04.28-нд нийтлэгдсэн

Сайн цагийг билэгдэж, Майдар эргэх ёсон боллоо

Өнөөдөр хаврын адаг хар луу сарын зургаан цагаан мэнгэтэй цагаан луу өдөр. Жил бүрийн хаврын адаг сарын аль нэг билэгт сайн өдөр Майдар эргэх их ёслолыг Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулдаг. Энэ уламжлалын дагуу билгийн тооллын 21 ний энэ өдөр Майдар эргэх их ёсон төв Гандантэгчэнлин хийднээ болж байна. Майдар бурхан бол энэрэл нигүүлсэл, эв нэгдэл, сэргэн мандалт, амар амгалан, хөгжил дэвшлийн бэлэг тэмдэг. Ирээдүйд залран ирэх сайн цагийн мянган Бурханы тав дахь бурхан болох Майдар бурханы шашинтай золгож, Майдар бурханаас ном сонсох, мөн бурханы залран ирэх цагийг наашлуулах билэгдлээр лам нар төв ганданд ном хурч, ногоон морин тэргүүнтэй, хорол дөрвөн дугуйтай тэргэн дээр дэвжээ сэнтий засаж залаад хүрээ хийдээ нар зөв тойрон дөрвөн зүгт нь үдлэн эргэж байна. Энэ үеэр сүсэгтэн хурсан номыг даган баясах, мөргөл гороо хийх, ном сонсож, сэтгэлдээ сайн сайхан билэгдэн бодох учиртай гэнэ.

Хүний сэтгэл санаа, буян доройтох үед Майдар бурхан гарч ирэх номтой. Өөрөөр хэлбэл таван цэвүүн тэргүүтэн дэвэрсэн тэр үед Майдар бурхан заларч, олон хүнийг зовлонгоос ангижруулж, сайн сайхан цагийг билэгддэг юм. Жилд ганцхан удаа болдог Майдар эргэх ёсноо сүсэгтэн олон олноор цугларсан байлаа. Тэд бүгд эх орны эв нэгдэл, төрөл төрөгсөд, гэр бүл, үр хүүхдийнхээ ирээдүйд санаа тавин, амар тайван, өвчин зовлонгүй, санасан ажил нь саадгүй бүтэж байхыг ерөөн, хурлын ном даган баясч явна. Түүхийг сөхвөл 1686 онд төв, халх, баруун Монголын хаад ноёд, хувилгаад “Хүрэн бэлчир” гэдэг газарт цугларч, найрамдлын их хуралдааны дараа шашны эл зан үйлийг эхлүүлсэн түүхтэй. Үүнээс хойш халхын олон хийдэд Алтан Майдарыг ногоон  морь бүхий дөрвөн дугуйтай тэргэн дээр залж, хийдийн гадна талаар тойрч, эргэдэг заншилтай болжээ.  Их Хүрээнд Богд Жибзундамба хутагтын санаачилгаар Жадаран аймгийн хамба Лувсанхайдав Майдарын дуганыг бүтээсэн үеэс “Хүрээ Майдар” эргэх ёслолыг 1834-1936 онд 103 удаа тасралтгүй үйлдсэн байна.  Майдарын дуганд хэрэглэж байсан ногоон морины  эх баримал эдүгээ “Ногоон морь” галерейд хадгалагдаж байгаа юм.

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж